FASHION
Өнгөрсөн сард Парис хотноо болсон загварын шоунуудын үеэр урлаг, хувцас дизайны хослол олны анхаарлыг татжээ. Тансаг зэрэглэлийн брэндүүд эдийн засгийн хүндрэлтэй энэ үед хэрэглэгчидтэйгээ илүү ойр харилцаа тогтоохын тулд урлаг, соёлд түлхүү анхаарах болсон байна. Ньюс агентлаг “FASHION” буландаа хувцас загвар, урлаг хэрхэн хосолсныг онцолж байна.
Загвар, урлаг хоёр эртнээс нягт холбоотой байв. Ялангуяа тансаг зэрэглэлийн “Haute Couture” загвар бол урлагтай хамгийн ойр салбарын нэг гэж үздэг. Тухайлбал “Chanel” брэндийн шоу дээр уран сайхны удирдагч нь болох Маттье Блази үлгэрээс санаа авсан загваруудаа танилцуулсан. Эл үеэр зураач Жоэл Блан урд эгнээнд сууж, тухайн загваруудыг шууд цаасан дээр буулгаж байсан юм.
“Grand Palais” ордонд болсон шоуны тайз “Jack and the Beanstalk” үлгэрийг санагдуулам том усан үзмийн модон чимэглэлтэй байсан нь үлгэрийн мэт уур амьсгал бүрдүүлжээ. Танилцуулсан загварын цуглуулгад өвөрмөц гутал, “муухай дэгдээхэйнээс үзэсгэлэнт хун” болон хувирахыг бэлгэдсэн товчнууд, мөн хуримын даашинзыг дагалдах далавчтай хар өнгийн онцгой даашинз зэрэг багтсан байна.

Загварын шоунууд урлаг, уран сайхны шинжтэй болсон нь тансаг зэрэглэлийн брэндүүд соёл, түүх, бүтээлч байдлаар дамжуулан хэрэглэгчидтэйгээ илүү хүчтэй сэтгэл хөдлөлийн холбоо тогтоохыг зорьж буйн илрэл болж байна.
“Dior” урлагийн бүтээлээс санаа авчээ
“Dior” брэндийн бүтээлч захирал Жонатан Андерсон урлагийн бүтээл сонирхдог, цуглуулдаг нэгэн бөгөөд энэ уламжлал тус брэндтэй эртнээс холбоотой юм. “Dior”-ыг үндэслэгч Кристиан Диор загвар зохион бүтээгч болохоосоо өмнө уран зургийн галерей ажиллуулж байсан түүхтэй.

Андерсон “Dior”-т зориулсан хоёр дахь “Haute Couture” цуглуулгаа Родены музейд танилцуулжээ. Тэрбээр энэ удаа Америкийн уран барималч Линда Бенглисийн бүтээлээс санаа авсан юм. 84 настай Бенглис уламжлалт урлагийн хэв маягийг сорьсон, латекс, гялтгануур зэрэг төрөл бүрийн материал ашигладаг уран бүтээлч юм. Түүний Санта-Фе болон Энэтхэгийн Ахмедабад хоттой холбоотой уран бүтээл, эдгээр газрын өнгө, бүтэц нь Андерсоны шинэ цуглуулгад тусгалаа олжээ.
“Balenciaga” сэтгэл хөдлөлийг онцлов
“Balenciaga” брэндийн бүтээлч захирал Пьерпаоло Пиччоли мөн анхны “Haute Couture” цуглуулгаа танилцуулсан байна. Түүний цуглуулгад тодорхой нэг уран бүтээлчийн бүтээлээс шууд санаа авсан зүйл байгаагүй. Гэсэн хэдий ч хувцас бүр нь урлагийн бүтээл мэт харагдаж, үзэгчдэд тодорхой сэтгэгдэл төрүүлэхэд чиглэжээ.

Пиччоли “Haute Couture” бол зөвхөн хувцасны тухай биш гэж үздэг. Түүний хэлснээр, “Haute Couture бол зөвхөн даашинз биш, харин сэтгэлгээний хэв маяг юм” гэж хэлдэг аж.
Алайягийн өвийг хадгалж байна
Парисын загварын ертөнцийн бас нэг чухал газар болох “Azzedine Alaïa Foundation” мөн адил урлагийн бүтээлд анхаарал хандуулжээ.

Тус сан нь алдарт дизайнер Аззедин Алайягийн хувцасны архив, ном, урлагийн бүтээлүүдийг хадгалдаг. Мөн Алайягийн нас барснаас хойш бараг өөрчлөгдөөгүй хэвээр хадгалагдсан хувийн урланг олон нийтэд танилцуулдаг. Түүний өв, архивыг хамгаалан үлдээх ажлыг загварын салбарын нэр хүндтэй зүтгэлтэн Карла Соццани хариуцдаг байна.

Тэрбээр Алайягийн үлдээсэн өвийг нэг үгээр тодорхойлохдоо “зарчимч чанар” хэмээн хэлжээ.
“Standing Ground” уламжлалт ойлголтыг сорив
Ирландын дизайнер Майкл Стюартын “Standing Ground” брэнд Парист анхны “Haute Couture” цуглуулгаа танилцуулж, загварын салбарынхны анхаарлыг татсан байна. Стюарт загварын салбарын нийтлэг хандлагийг няцааж, улирал бүр бүхнийг шинээр бүтээх шаардлагагүй гэж үздэг. Харин дизайнерууд өөрсдийн арга барил, техник, үзэл санаагаа тууштай хөгжүүлэх хэрэгтэй гэж үздэг байна.

Түүний шинэ цуглуулгад этгээд төрхтэй загвар өмсөгчид, сувсан чимэглэлтэй банзал, маш нарийн бэлхүүсийг тодотгосон загварууд багтсан байна. Ингэснээр тэрбээр гоо сайхны уламжлалт ойлголтыг өөрийнхөөрөө тайлбарлажээ. Энэ жилийн Парисын “Haute Couture” шоунууд нь загвар гэдэг зөвхөн хувцасны тухай биш, харин урлаг, үзэл санаа, сэтгэл хөдлөл, хувь хүний илэрхийллийн нэг хэлбэр болохыг харууллаа.
ТАНСАГ ЗАГВАР ШИГ ХАРАГДАХ УРЛАГ
Парис хот дэх “Versace” брэндийн гол дэлгүүр байрлаж байсан “Opera Gallery” уран зургийн галерейд Бразилын зураач Густаво Назареногийн үзэсгэлэн гарч байв. Загварын ертөнцөд ихээхэн сонирхолтой Назарено багадаа номын сан руу явж, Сэргэн мандалтын үеийн урлагийн тухай ном унших дуртай байжээ. Харин хожим Америкийн алдарт гэрэл зурагчин Ирвинг Пеннтэй танилцсан нь түүний уран бүтээлд ихээхэн нөлөөлсөн байна.
“Би түүний гэрэл зургуудыг хэдэн өдрийн турш хардаг байсан. Ингэж би нүдээрээ харж, суралцсан” гэж Назарено ярьжээ.

Түүний бүтээлүүдэд Афро-Бразилын шашны бурхад, дүрүүдийг тансаг даавуугаар гоёж, өндөр загварын модель мэт байрлуулсан байдаг. Ялангуяа 1980-аад оны “Vogue Italia” сэтгүүлийн зураг авалтыг санагдуулам эдгээр бүтээлүүд нь загвар, урлагийг хослуулсан өвөрмөц хэв маягтай аж. Назареногийн зургууд үзэгчдийн сонирхлыг ихээхэн татаж байгаа бөгөөд үзэсгэлэнд тавигдсан ихэнх бүтээл нь хэдийнэ худалдаалагдсан байна.