Египет: Телевизийн алдартай хөтлөгч цаазын ял авчээ

Египетийн шүүх телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа болон бусад 11 хүнд хар тамхи үйлдвэрлэж, хууль бусаар борлуулах зорилгоор хадгалсан хэрэгт буруутгаж, цаазаар авах ял оноожээ.

39 настай Сара Халифа нь аюулгүй байдал, гэмт хэргийн талаар мэдээлдэг “Mission Impossible” телевизийн нэвтрүүлгээрээ олонд танигдсан юм.

Каирын шүүхээс тэднийг хар тамхи үйлдвэрлэхэд ашигладаг түүхий эдийг гадаадаас оруулж ирсэн, синтетик хар тамхи үйлдвэрлэн борлуулахыг завдсан, мөн зөвшөөрөлгүй галт зэвсэг, сум хадгалсан гэж буруутгасан байна.

Хэргийг мөрдөн шалгах үеэр эрх баригчид 750 гаруй кг хар тамхи болон түүхий эд хураан авч, хар тамхи үйлдвэрлэдэг байсан хоёр байр илрүүлжээ.

Цаазаар авах ял оноохын өмнө Египетийн хуульд заасны дагуу тус улсын Их муфтигаас шашны зөвлөгөө авсан байна. Гэхдээ шүүхийн шийдвэрийг давж заалдах боломжтой.

Сара Халифа гоо сайхны мэс заслын эмнэлэг болон арга хэмжээ, үдэшлэг зохион байгуулдаг компани эзэмшдэг ажээ. Мөн шүүх түүнийг бусад хүмүүстэй хамт нэгэн залууг хулгайлж, зодсон өөр хэрэгт таван жилийн хорих ял оноосон байна.

Египетэд санаатай хүн амины хэрэг, терроризм, зарим төрлийн хүчиндэх гэмт хэрэг болон хар тамхи хууль бусаар борлуулсан тохиолдолд цаазаар авах ял оноодог. Египетийн Хүний эрх, эрх чөлөөний комиссын мэдээллээр 2025 онд тус улсад 541 цаазын ялыг гүйцэтгэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн