Их Британийн Times Higher Education сэтгүүл 2027 оны дэлхийн шилдэг их сургуулийн жагсаалтыг есдүгээр сарын 30-нд зарлалаа. Жагсаалтыг суралцах орчин, судалгааны ажлын чанар, олон улсын үнэлгээ зэрэг үзүүлэлтэд тулгуурлан гаргадаг.

Оксфордын их сургууль уг жагсаалтыг 11 дэх жилдээ дараалан тэргүүлжээ. Хоёрдугаарт Массачусетсийн технологийн дээд сургууль, гуравдугаарт Принстоны болон Стэнфордын их сургууль тэнцүү байр эзэлсэн байна. Эхний 10 байранд Их Британи, АНУ-ын их сургуулиуд зонхилж байна.

Эхний 15-д Азиас гурван сургууль багтжээ. Хятадын Цинхуа их сургууль 11, Бээжингийн их сургууль 13, Сингапурын үндэсний их сургууль 15 дугаар байранд орсон. Японы Токиогийн их сургууль 27, Киотогийн их сургууль 62 дугаар байранд бичигджээ.

Азийн их сургуулиудын чансаа ахиж буйг голчлон судалгааны үзүүлэлт сайжирсантай холбон тайлбарлаж байна. Тайланд мөн АНУ-д улс төрийн оролцоо шинжлэх ухааны өндөр түвшний судалгаа, академик тогтолцоонд саад учруулж байгааг, Их Британи болон бусад улс төсвийн ноцтой хүндрэлтэй тулгарч байгааг дурдсан байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн