Кремлийн гадаад бодлогын чимээгүй хөдөлгүүр

ХҮМҮҮС

Украин дахь дайныг зогсоох энхийн хэлэлцээнд Оросын талаас голлох үүрэг гүйцэтгэж буй хүн бол Кремлийн гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков. Хамгийн нөлөөтэй нэгэн атлаа бусад улстөрчийг бодвол дуулиан шуугиан багатай, нам гүм амьдардагт тооцогддог түүнийг Ньюс агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа онцоллоо.

Оросын ахлах дипломатч Юрий Ушаков 1947 онд Москвад төржээ. Тэрбээр эхнэр, охинтойгоо амьдардаг. Википедиад мэдээлснээр, Ушаков 2018 онд хөрөнгө орлогоо 8,736,043 рубль гэж мэдүүлж байжээ. Харин 2022 онд ил болсон мөрдөн байцаалтын дүнд Ушаковын гэр бүл 700 сая рубль давсан үнэтэй үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг болох нь батлагдсан. Үүнээс өөрөөр түүний хувийн чанартай мэдээлэл цахим ертөнцөд хомс.

МОНГОЛООС ТАНСАГЛАЛ ХҮССЭН ЭРХЭМ

ОХУ-ын ерөнхийлөгч 2014 онд Монгол Улсад айлчлахад Юрий Ушаков дагалдаж байлаа. Энэ үеэр талууд харилцан визгүй зорчих, Монгол Улсад цэрэг техникийн буцалтгүй тусламж  үзүүлэх, монгол оюутнуудыг Роснефтийн институтид мэргэжил дээшлүүлэхээр сургах зэрэг 13 гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж байжээ.

Тухайн үед Ушаков испани хиам болон тослог багатай сүүгээр хийсэн агшаамал хүсч байсныг “Moscow Times” онцлон дурджээ. Монголд түүний хүссэн зүйлийг богино хугацаанд олоход амаргүй байсан тул энэ хүсэлт туслахуудыг нь сандаргаж байсан аж. Камбож, Монгол зэрэг оронд ажиллаж байсан туршлагатай дипломатч Борис Бондарев тус айлчлалын багт багтсан байсан. Тэрбээр Ушаковын туслахуудад хандаж, “Залуус аа, та нар Монголд байна. Энд испани хиам байхгүй. Энэ чинь Москва биш, Нью-Йорк ч биш” гэж хэлсэн байна. Гэсэн ч Ушаковын туслахууд айлчлалын агуулгаас илүү Ушаковын хоолны цэсэд анхаарал хандуулж байсныг Бондарев хожим нь дурсжээ.

Кремлийн гадаад бодлогын чимээгүй хөдөлгүүр

Тэр цагаас хойш 10 гаруй жил өнгөрөхөд Ушаков Кремлийн гадаад бодлогыг баздаг дэлхийд нөлөөтэй нэгэн болсон байна. Зарим шинжээчийн үзэж буйгаар Ушаков гадаад бодлогын нэр нөлөөгөөрөө Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг ардаа орхисон.

Түүнийг гадаадын түншүүдтэйгээ мэргэжлийн харьцдаг ч туслахууддаа хатуу ханддаг хүн гэж тодорхойлдог. Хувь хүний зан чанарын хувьд нууцлаг, бодлоо төдийлөн ил гаргадаггүй ч гэлээ Путины хувьд тэр хамгийн итгэлт хүн нь болж чадсан. Үүнд АНУ-ын талаар өндөр мэдлэгтэй нь мэдээж нөлөөлсөн гэж үздэг.

Ушаков яг ямар үүрэгтэй ажилладаг гэдгийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос цахим шуудангаар асуухад тэр хариу өгөөгүй. Гэхдээ Кремлийн олон нийтэд хүргэх мессежийг дамжуулах нь түүний гол үүргүүдийн нэг. Украины эсрэг бүрэн хэмжээний довтолгоо эхлэхээс өмнө Ушаков Оросын цэргийн бэлэн байдал хангагдсан гэдэг цуу яриаг няцааж, “хэтрүүлсэн айдас” гэж нэрлэж байлаа.

Тэрбээр Москвагийн Олон улсын харилцааны институтийг төгсөөд, 1970 онд ЗХУ-ын Гадаад хэргийн яаманд ажилд орж байсан ясны дипломатч, хэлэлцээч хүн. Гадаад хэргийн яаманд ажилд орсон даруйдаа л Данийн вант улсын нийслэл Копенгагенд суух Элчин сайдаар томилогдож байжээ. Ушаков англи, дани хэлээр чөлөөтэй ярьдаг. Түүнийг Данийг бүрмөсөн орхиж ирэхэд ЗХУ хэдийнэ ОХУ болсон байлаа. Энэ үеэс тэр Европын холбоо, НАТО зэрэг барууны улс төрийн байгууллагуудтай харилцах Оросын харилцааг хариуцсан хэлтсийг удирдах болжээ.

Энэ бүх туршлага нь түүнийг жинхэнэ бэлтгэгдсэн дипломатч болгосон. Ингээд 1990-ээд оны сүүл үеэр түүний карьерын жинхэнэ оргил үе эхэлсэн юм.

ВАШИНГТОН ДАХЬ КРЕМЛИЙН ХҮН

Кремлийн гадаад бодлогын чимээгүй хөдөлгүүр

АНУ-д суух ОХУ-ын Элчин сайд Юрий Ушаков, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Игорь Иванов, АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтон нар. 1999 он, Цагаан ордон.

Ушаков 1999 оны нэгдүгээр сард Борис Ельциний томилгоогоор АНУ-д суух Оросын Элчин сайд болжээ. Энэ үед АНУ, ОХУ-ын харилцаа ид нарийн төвөгтэй мөчлөгтөө байлаа. Тодруулбал, АНУ Иракыг бөмбөгдсөн, Ираны цөмийн хөтөлбөрт ОХУ дэмжлэг үзүүлсэн зэргээр хоёр улсын харилцаанд сэв суулгах үйл явдлууд энэ үед олон гарсан байсан. Тухайн үед Ушаков “Манай хоёр улсын харилцаа ээдрээтэй цаг үеийг туулж байна. Гэхдээ АНУ бидэнд хамгийн чухал, бид бүгд үүнийг ойлгодог” гэж хэлж байв.

Жорж В.Бушийн засгийн газрын үед АНУ, Оросын харилцаа улам муудсан гэдэг ч Ушаков тогтвортой, нягт харилцааг зуучилж чадсан гэдэг. Тэрбээр АНУ-д ажиллах эхний хэдэн жилдээ дипломат хүрээллээ маш сайн бүрдүүлж, харилцаа холбоогоо өргөжүүлсэн байна.

АНУ-ын Гадаад хэргийн яамны бодлогын төлөвлөлтийн алба, Үндэсний тагнуулын зөвлөлд 2000-аад онд ажиллаж байсан Орос судлаач Анжела Стент түүнийг мэргэжлийн, төвийг сахисан арга барилтай, сониуч боловч үүнийгээ хэтрүүлдэггүй хүн гэж тодорхойлсон байдаг. Мөн “Түүнд нууц их бий. Гэхдээ л ойр дотно харилцах боломжтой хүн байсан” гэжээ.

Ушаковын АНУ дахь харилцаа холбоо заримдаа хамтрагчдыг нь хүртэл гайхашруулдаг байв. Жишээлбэл, 2003 оны зул сарын баярын үдэшлэгийн үеэр Ушаков Анжела Стентэд засгийн газрын томоохон албан тушаал хүлээн авсанд нь баяр хүргэжээ. Хамгийн гол нь тэр мэдээлэл хараахан олон нийтэд ил болоогүй байсан юм.

Вашингтонд түүнтэй хамтран ажиллаж байсан олон ч хүн “Ушаков бол ёс жудагтай зөв хүн” гэж дурсдаг.

Гэсэн ч Борис Бондарев өөр зүйл ярина. Бондарев түүнийг “Маш бүдүүлэг, дураараа, урьдчилан таамаглашгүй. Хамтран ажиллахад хэцүү хүн гэж Оросын дипломатчид түүнийг тодорхойлдог. Лавровын хувьд эхнээсээ л эелдэг байсан бөгөөд дуугаа хэзээ ч өндөрсгөж байгаагүй. Харин Ушаков тэс өөр” гэжээ.

Элчин сайдаар ажиллах хугацаандаа Ушаков АНУ, Оросын ирээдүйн бизнесийн харилцаанд онцгой сонирхолтой байсан гэдэг. ОХУ өнөөдөр ч мөн зарчмаар АНУ-тай бизнесийн чиглэлд хамтрах замаар энхийн хэлэлцээ хийхийг эрмэлзэж байна.

“Миний АНУ-д хэдэн жил ажиллахыг зөвхөн бурхан л мэднэ, бас ноён Путин мэднэ” гэж Ушаков нэгэнтээ хошигнож байв. Энэ хошигнолоос бараг 10 жилийн дараа 2008 онд тэр Москвад эргэн ирсэн юм. Энэ үед ерөнхийлөгч Путин Кремльд гадаад бодлого хариуцсан шинэ албан тушаал үүсгэж, үүндээ Ушаковыг томилсон байна. Москвад эргэн ирснээсээ хойш Ушаков илүү болгоомжтой ажиллах болсны зэрэгцээ АНУ-ын талаарх үзэл бодол нь ч өөрчлөгдөж эхэлжээ.

Гэхдээ Ушаков Путины ойрын хүрээллийн бусад албан тушаалтнаас тэс өөр. Тэр үзэл сурталч биш, цэрэг, тагнуулын талаар мэдлэгтэй хүчирхэг нэгэн ч биш.

Өнөөдөр тэр Путины санааг олон нийтэд эвтэй сайхнаар тайлбарлаж, ойлгуулах гол үүргийг гүйцэтгэж байна. Энхийн хэлэлцээ бүрийн дараа тэр сэтгүүлчидтэй уулзаж, нэгэн хэвийн хуурай мэдэгдлээ хийдэг.

Ушаков 2004 онд Гадаад хэргийн сайдын албан тушаалаас татгалзсан гэх боловч ачир дээрээ гадаад бодлогын гол хүн болсон. Өнгөрсөн онд Цагаан ордны тусгай элч Стив Виткоффтой утсаар ярьсан түүний яриа задрахад үүнийг олон нийт илүү сайн ойлгож авчээ. Украины дайны хугацаанд Орос, АНУ-ын хоорондын харилцааны гол түлхүүрээр Ушаков ажиллаж байсныг тус дуудлага ил тод болгосон аж. Үндсэндээ түүнийг Кремльд АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөхтэй адил үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг.

Кремлийн гадаад бодлогын чимээгүй хөдөлгүүр

АНУ-ын тусгай элч Стив Виткофф, Юрий Ушаков, Кирилл Дмитриев нар

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн