Улаанбаатар //. COP17-д оролцож буй Европын Холбоо, түүний гишүүн орнууд болон Монтенегро Улс хамтарсан мэдэгдэл гаргалаа.
Уг мэдэгдэл, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын (UNCCD COP17) Талуудын 17 дугаар бага хурлын үеэр хийж буй хэлэлцээ шийдвэрлэх үе шатандаа орж байгаа тул Европын Холбоо, түүний гишүүн орнууд прагматик, зоримог бөгөөд хэрэгжүүлэх боломжтой үр дүнд хүрэхийн тулд Талууд болон түншүүдтэйгээ бүтээлчээр хамтран ажиллаж байна.
COP17 бол газрын доройтол, ган гачигт тэсвэртэй байдал, газрын тогтвортой менежментийн талаарх амлалтуудаа хэрэгжүүлэх чухал боломж юм. Олон талт хэлэлцээ бол нарийн төвөгтэй үйл явц гэдгийг Европын Холбоо хүлээн зөвшөөрдөг.
Олон талт байдал бол үндэсний түвшинд үр дүнтэйгээр шийдвэрлэх боломжгүй глобал сорилтуудыг даван туулах гол арга зам болохыг Европын Холбоо болон түүний гишүүн орнууд хүлээн зөвшөөрч дэмжиж байна. Цөлжилт, газрын доройтол, ган гачиг бол олон улсын хэмжээнд шийдэх ёстой асуудлууд мөн. Зарим оролцогч талууд өдийг хүртэл бүтээлч бус хандлага гаргаж, чухал асуудлаарх хэлэлцүүлгийг эхлэхээс нь өмнө хааж боон саад учруулж байгаа нь санаа зовоож байна. Бүтээлч хандлага баримтлахыг бүх төлөөлөгчдөд бид уриалж байгаа бөгөөд ингэснээр жагсаалт дахь бүх асуудлаар цогц хэлэлцүүлэг өрнүүлэх боломжийг Талуудад олгож, ингэснээр COP17 хамтын хүчээр шийдлийг олж чадна.
Хамгийн чухал зүйл бол мөн чанар, агуулга хадгалагдан үлдэх явдал юм
Тиймээс бид COP17-гийн сүүлчийн үе шатанд прагматик байдлаар хандаж байна. Энэ бол Конвенцын гол тэргүүлэх чиглэлүүдийг хадгалахын зэрэгцээ тэдгээрийг Конвенцын үр дүн, хэрэгжүүлэх механизм, дараа дараагийн үйл явцуудад тусгасан эсэхийг баталгаажуулах явдал юм.
Риогийн конвенцууд болон НҮБ-ын бусад холбогдох баримт бичгүүдийн хүрээнд нягт хамтран ажиллах нь чухал ач холбогдолтой гэж бид үзэж байна. Газрын доройтол, биологийн олон янз байдал алдагдах үзэгдэл, уур амьсгалын өөрчлөлт нь хоорондоо уялдаа холбоотой үйл явцууд учраас бие биенэээ харилцан дэмжих замаар асуудлуудыг шийдвэрлэх учиртай. Тиймээс бид COP17-гийн үеэр Риогийн конвенцуудын хоорондын прагматик хамтын ажиллагааг урагшлуулах, хэрэгжилтийн уялдаа холбоог сайжруулахын тулд одоогийн улс төрийн таатай нөхцөлийг ашиглах явдлыг сайшааж байна. Риогийн конвенцуудын харилцан үйлчлэлийг сайжруулах талаар COP17-гийн үеэр болсон тусгай яриа хэлэлцээ нь улс төрийн хувьд хүлээн зөвшөөрөх явдлаас бодит хамтын ажиллагаа, үйл ажиллагаанд шилжих чухал боломжийг олгож байна.
Бидний хувьд тэргүүлэх чиглэлүүд бол газрыг нөхөн сэргээх, ган гачигт тэсвэртэй байдал, хүнсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн таатай орчныг бэхжүүлэх бөгөөд ингэхдээ эмэгтэйчүүд ба охидын үүрэг оролцоо, жендерийн тэгш байдлыг салшгүй нэг хэсэг хэвээр байлгах явдал юм. Европын Холбооны зүгээс Жендерийн бүлгийн тасралтгүй үйл ажиллагаа ба COP17-гийн үеэр эмэгтэй малчдад анхаарал хандуулж буйг сайшааж, газрын тогтвортой менежмент болон хөдөө орон нутаг дахь сорилтод тэсвэртэй амьжиргааг бий болгоход оруулж буй тэдний хувь нэмрийг өндрөөр үнэлж байна.
Шинжлэх ухаан бол бодлого боловсруулагчдын хувьд зөв шийдвэр гаргах объектив үндэс суурь юм. Конвенцод тусгагдсан шинжлэх ухаан-бодлогын уялдаа холбоо бол судалгаа болон бодлого боловсруулагчдын хоорондын мэдээлэл солилцоог хангадаг гүүр, холбоос билээ. Энэ нь 2013 оноос хойш дэлхий дахинд үр дүнтэйгээр үйлчилж, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц болон түүний Талуудын хувьд шийдвэр гаргах үндэс суурь болсоор ирлээ. Энэ удаагийн COP нь дараагийн хоёр жилд энэхүү үйл ажлыг үргэлжлүүлэх боломжийг олгоно хэмээн Европын Холбоо найдаж байна.
Мөн иргэний нийгэм, уугуул иргэд, орон нутгийн иргэдийн үр дүнтэй оролцоо чухал ач холбогдолтой хэмээн Европын Холбоо үзэж байна. Тэдний мэдлэг, туршлага, хариуцлага нь газрын нөхөн сэргээлтийг амжилттай хэрэгжүүлэх, байгалийн нөөцийг тогтвортой удирдахад чухал үүрэгтэй. Тэдний үзэл бодлыг тусгахад үр дүнтэй арга замууд чухал. Үүнд, уугуул иргэдийн болон орон нутгийн иргэдийн бүлгүүд, уулзалтад хамрагдах, түншлэл хэрэгжүүлэх, түүнчлэн албан ёсны хэлэлцээрүүдээс гадуурх Конвенцын үйл ажиллагаа зэрэг багтана. COP17-гийн хөтөлбөр нь уугуул иргэдийн ба орон нутгийн иргэдийн дуу хоолой, үзэл бодлыг сонсох боломжийг хангах орон зайг бий болгодог. Энэ удаагийн COP17-гийн явцад малчид болон орон нутгийн иргэдэд дуу хоолойгоо хүргэх орон зай, боломжийг олгосон Иргэний нийгмийн байгууллагуудын Зөвлөлд талархал илэрхийлье.
Конвенцын Ирээдүйн Стратегийн Хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудыг Европын Холбоо өндрөөр үнэлж байна. 2030 оноос хойших хугацаанд тодорхой стратегийн бодлоготой байх нь бүх Талуудын хүчин чармайлтыг хамгийн чухал чиглэлүүдэд төвлөрүүлэх болно. Стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх ажил эрчимтэй, шуурхай байдлаар үргэлжлэх ёстой.
Конвенцын өмнө тулгарч буй төсвийн хүнд дарамт, Талуудад тулгарч буй санхүүгийн хязгаарлагдмал байдлыг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч Талууд үүргээ биелүүлж, COP-ийн шийдвэрээр хүлээсэн үүргээ мэргэжлийн түвшинд, үр дүнтэйгээр (хэмнэлттэй байдлаар) бүх Талуудын ашиг тусын тулд гүйцэтгэх боломжийг олгох төсвийг Нарийн бичгийн дарга нарын газарт хуваарилах нь Талуудын үүрэг мөн хэмээн үзэж байна.
Мөн чанар, агуулгад анхаарлаа төвлөрүүлэх нь
Бидний баримталдаг зарчим нь энгийн бөгөөд ойлгомжтой: үр дүнтэй үйл ажиллагаа явуулах боломжийг олгож байгаа эсэх, урамшуулан зоригжуулж байгаа эсэхээр нь бид COP17-г дүгнэх ёстой.
COP17-г амжилттай зохион байгуулснаар хэрэгжилтийг илүү үр дүнтэй, хамтын ажиллагааг илүү нягт болгож, оролцоог улам нэмэгдүүлэх бөгөөд Конвенцын үндэс суурь болсон тэргүүлэх чиглэлүүдийг алдагдуулахгүй байх боломжтой.
Наймдугаар сарын 24-нд болсон Өндөр түвшний нээлтийн хуралдаанд илтгэл тавьсан хүмүүсийн нэг нь хэлэхдээ “Хэн ч ганцаараа сорилтыг даван туулж чадахгүй, мөн хэн ч хариуцлагаас мултрах ёсгүй” гэдгийг сануулсан билээ. Үр дүнд хүрэхийн тулд бүх түншүүдтэйгээ бүтээлчээр ажиллахад бид бэлэн байгаа бөгөөд энэ долоо хоногт мөн адил ийм үзэл бодлын үүднээс хандахыг бусад Талуудад уриалж байна.
Иймээс бид COP17-г удирдаж буй Монголын талаас сонгогдсон Ерөнхийлөгч, Нарийн бичгийн дарга нарын газар болон бүх Талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар том зорилготой, улс төрийн хувьд хэрэгжих боломжтой шийдлүүдийг тодорхойлох болно хэмээн байна.
Энэхүү хамтарсан мэдэгдлийг:
Тимми Дули /Далайн асуудал хариуцсан Төрийн сайд, Ирландын Уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны яам/
Констанце Нехер /Дэлхийн асуудал ба чиг хандлага, ядуурал ба тэгш бус байдал, засаглалын асуудал хариуцсан захирал, Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)/
Иво Марцин /Бүгд Найрамдах Чех Улсын Байгаль орчны дэд сайд/
Барбара Помпили /Франц Улсын Байгаль орчны элч/
Ина Марчюлионите /Монгол Улсад суугаа Европын Холбооны Элчин сайд/
Бела Куслитс /Унгар Улсын Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч/ нар хэвлэл СОР17 хурлын 10 дахь өдөр хэвлэлийнхэнд танилцуулав.