Дорнод аймгийн Дашбалбар, Чулуунхороот, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд малын гоц халдварт шүлхий өвчний “SAT-1” хэвшил дахин бүртгэсэн нь Мал эмнэлгийн ерөнхий газрын лабораторийн шинжилгээгээр баталсан учраас энэ сарын 26-ний өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоолоо.
Эдгээр сумд нь хил орчмын бүс нутгаас гадна зээрийн сүрэг ихтэй. Дорнод аймгийн “Номинт” багийн нутагт буй 15 мянга гаруй зээрийн сүргээс дээж авч шинжлэхэд цөөнгүй нь шүлхийгээр өвдсөн нь тогтоосон байгаа аж. Улз голд хашиж буй эдгээр зээрийн сүрэг өвөл мөс хөлдсөний дараа нүүдэллэж, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар шүлхий өвчин тараах эрсдэл өндөр байна.
Мал эмнэлгийн ерөнхий газар шүлхийн голомтот бүсэд 74 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, нөөцдөө байсан 5 мянган тун вакциныг мэдрэг малд хийж эхэлжээ. Нэмэлтээр 190 мянган тунг хүргүүлээд байгаа аж. Цаашдаа үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулан 6 сая тун “SAT-1”, О, А дэд хэвшлийн вакциныг нэн яаралтай худалдан авах шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.
Хилийн бүс нутаг учраас хүн, тээврийн хэрэгслийн хяналтыг чангатгах, отог нүүдлийн зорилгоор хилийн хамгаалалтын бүс рүү малчдыг нэвтрүүлэхгүй байх, хил орчмын бүс нутагт зэрлэг амьтдын тандалт судалгаа хийх ажлыг шуурхайлах үүргийг холбогдох албаны хүмүүст өглөө.
Мөн Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарт хүн хүч, техник хэрэгсэл, халдвар хамгааллын хувцас хэрэглэлийн санхүүг яаралтай шийдэх, улс, орон нутгийн чанартай авто замуудад хяналтын пост ажиллуулах, малчдад мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөгөөг хүргүүлэх ажлыг шуурхай хэрэгжүүлэх үүргийг өгөв.
Малын гоц халдварт шүлхий өвчний “SAT-1” өмнө нь Монгол Улсад гараагүй хэвшил 5 дугаар сард Баян-Өлгий, Ховд аймагт бүртгэж, хорио цээрийн дэглэм тогтоосон. Урьдчилан сэргийлэх, яаралтай дархлаажуулалтыг хоёр үе шаттай хэрэгжүүлж, “SAT-1” хэвшлийн 1 сая 650 мянган тун вакцинаар мал сүргийг дархлаажуулснаар 7 дугаар сарын 8-ны өдрөөс хойш шинэ тохиолдол бүртгээгүй байсан байна.