Монголчуудын хайрт бөх, залуу арслан Б.Орхонбаяр Тавантолгой ордод 52 тэрбумын нүүрс ачилтын тендер авахын зэрэгцээ, “Эм Си Эс”-ийн мэдлийн Барууннарангийн уурхайд хөрс хуулдаг аварга бизнестэй гэдгийг тэр бүр хүн мэддэггүй. Сонирхуулахад, түүний гэр бүлийн хүнтэйгээ хамт эзэмшдэг “Монголиан стандарт девелопмент групп” компани 2025 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-ас зарласан 60 тэрбумын Цанхийн баруун уурхайн нүүрс ачилтын тендерт 52 орчим тэрбум төгрөгийн үнийн саналаар ялж, Тавантолгойн томчуудын эгнээнд элссэн гэдгийг нүүрсний салбарынхан шивэр авир ярилцах болжээ.
Тэгвэл залуу арслангийн компани үүнээс ч өмнө Тавантолгойн ордод танигдаад амжсан гэдэг шүү. Ялангуяа, Монголын хамгийн том групп компани “Эм Си Эс” охин компаниудаараа дамжуулан эзэмшдэг Барууннарангийн ордод гэрээт олборлолт, уурхайн хүнд машин механизмын засвар үйлчилгээний чиглэлээр ажилладаг гэдгийг Тавантолгойн уурхайнхан андахгүй.
Ийнхүү Б.Орхонбаяр арслан Монголд төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох Тавантолгойн бүлэг ордын хоёрт нь бизнесээ амжилттай цэцэглүүлээд байгаад түүний хадам талын нөлөө, авааль эхнэрийн арга ухаан гол түлхэц үзүүлж байгаа гэх. Түүний хадмуудын нөлөөллийн тухайд УИХ дээр 2022 онд өрнөсөн дуулиант нүүрсний сонсгол дээр гишүүн асан Ш.Адьшаагийн зөвлөх, дүү Ш.Мөнхцэцэг гэх эмэгтэйн нүүрсний тээврийн компаниуд ил болсноор олон танигдсан. Түүнээс хойш Тавантолгойн ордын эргэн тойрныхон уурхайн чанга хатуу удирдагч эмэгтэй Ш.Мөнхцэцэг гэдгээр нь мэдэх болж. Ямартай ч залуу арсланг хадмуудынхаа нөлөөгөөр алтны бизнес рүү орсон хэмээн ташаарч байсан зарим нь “Монголиан стандарт девелопмент групп” гэх компанийн эцсийн өмчлөгчөөр Баярсайханы Орхонбаяр гэдэг нэр тодорсноор мэддэг болжээ. Өдгөөгийн Тавантолгойн том тоглогч “Монголиан стандарт девелопмент групп” нь анх 2014 онд “Берген” нэрээр хяналтын камер суурьлуулалт, компьютерийн худалдаа засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан бол 2022 оноос ийнхүү уул уурхай, хүнд машин, механизм, барилга угсралт, газар тариалан зэрэг томоохон салбарууд руу хүрээгээ тэлсэн байна. Энэ хугацаанд үндэсний бөхийн хүчит арслан маань Монголоос хальж, Ази төдийгүй дэлхийд алдартай болсон шоунд од болон гялалзсан нь түүний амжилт оргилын давхцал мэт.
Б.Шархүү