ХҮМҮҮС
АНУ, Ираны энхийн хэлэлцээ ид үргэлжилж буй энэ өдрүүдэд дэлхийн анхаарлын төвд өөр нэгэн улс шинээр орсон нь Пакистан. Урьд нь Пакистан гэхээр терроризм, улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн хямрал л санаанд ордог байсан цаг ард хоцорчээ. Пакистан өдгөө Ойрхи Дорнод дахь гол зуучлагчдын нэг болж, шинэчлэгдсэн дүр төрхтэйгөөр дэлхийн тавцанд гарч ирээд байна. Энэ өөрчлөлтийн цаана байгаа гол хүнээр нэрлэгдээд буй армийн командлагч Асим Мунирыг Ньюс агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа онцоллоо.
Пакистаны армийн хамгийн өндөр дээд цол болох фельдмаршал цолтон Асим Мунир 1968 онд Пунжаб мужийн Равалпинди хотод мэндэлжээ. Тэрбээр Пакистаны “Markazi Madrasah Dar-ul-Tajweed” шашны сургуульд бага боловсрол эзэмшсэн. Мөн Япон, Пакистан, Малайз улсуудад цэргийн болон батлан хамгаалахын чиглэлийн хэд хэдэн сургууль, сургалтад хамрагдсан байна.
Албан тушаалын ид оргил үедээ явж буй Асим Мунир генералын цэргийн замнал 1986 оноос эхтэй. Тэрбээр Пунжаб дахь цэргийн хотхон Манглад Офицер бэлтгэх сургуулийн 17 дахь үеийн төгсөгч. Бэлтгэл сургуулиа “Хүндэт илд” шагналтай төгссөн Мунир Пакистаны армийн Хилийн хүчний полкийн 23 дугаар батальонд томилогджээ. Цэргийн албаны эхэн үедээ тэр Саудын Арабт мөн алба хааж байжээ.
Мунир илүү удирдах түвшний албан тушаалуудад томилогдож эхэлсэн нь 2016 он. Тэрбээр 2016 онд Цэргийн тагнуулын газрын дарга, 2018 онд Тагнуулын ерөнхий газрын захирал, 30 дугаар корпусын командлагч, Пакистаны армийн төв штабын хангамж хариуцсан албаны удирдах албан тушаалтнаар тус тус томилогдон ажиллаж байжээ.
Пакистаны армийн штабын дарга нар 700 мянган цэргийг командлахын хажуугаар цөмийн зэвсэг хариуцдаг учраас “Forbes” болон “Time” сэтгүүлийн нэрлэдэг дэлхийн нөлөө бүхий эрхмүүдийн жагсаалтад байнга багтдаг. Үүний зэрэгцээ Пакистан улс нь Саудын Араб, Хятад болон АНУ-ын армитай олон жилийн турш тогтсон харилцаагаа хадгалж буй тул штабын дарга нарынх нь томилгоо олон улсын анхаарлыг багагүй татдаг юм.
Тус улсын түүхэнд эцэстээ мөрөөдөл нь нуран унасан амбицтай генералууд цөөнгүй бий. Тэгвэл дотооддоо хүчтэй байр суурьтай, гадаадад ч нэр хүнд нь өсч буй Асим Мунир өөр хувь тавилантай байж чадах болов уу?
ДАРУУХАН ЭХЛЭЛ
Мунирын төгссөн Мангла дахь Офицер бэлтгэх сургууль нь Какул дахь нэр хүндтэй Цэргийн академийг бодвол харьцангуй бага танигдсан сургууль. Үүний зэрэгцээ тэрбээр сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд барууны аль нэг оронд цэргийн боловсрол эзэмшээгүй хэрнээ армийн штабын даргын албыг авсан анхны хүн болсон юм. Түүний өмнөх есөн хүн бүгд Их Британи, АНУ, эсвэл Канадад цэргийн сургалтад хамрагдсан бол Мунир барууныхны хараанаас хол газар цэргийн боловсрол эзэмшжээ.
Мунир “ISI” буюу Пакистаны Тагнуулын ерөнхий газрын захирлын албан тушаалыг найман сар л хашсан. Энэ нь уг албан тушаалын түүхэн дэх хамгийн богино хугацаа байжээ. Гэсэн атлаа 2022 онд илүү өндөр дээд албанд буюу Пакистаны армийн штабын даргаар томилогдсон нь олон ч хүнийг гайхашруулсан юм. Ялангуяа барууныхан энэхүү нууцлаг эрхмийн оргилд гарсан замналыг сонирхож сонжин хүлээн авчээ.
Пакистаны цэргийн тагнуулын хоёр гол байгууллагыг удирдаж байсан нь Асим Мунирыг бас нэгэн талаараа онцгой болгодог. Ийм замналаар замнасан цор ганц л албан тушаалтан байдаг нь Мунир.
Түүний удирдлага дор Пакистан улс Афганистан, Иран, Энэтхэгт цэргийн хүчээ харуулж, шийдэмгий тоглогч гэдгээ баталсан. Мунир бол Балучийн хилийн асуудалд орооцолдохгүй байхыг Иранд сануулж, Энэтхэгийн сөнөөгч онгоцуудыг буудаж унагаах тушаал өгч, дотоодын зэвсэгт бүлэглэлүүдийг хил дамнуулан дэмжихгүй байх анхааруулгыг Талибанд хүргүүлсэн нэгэн. Энэ бүхэн тун зоримог алхамд тооцогдох юм.
ТРАМПЫН ТААЛАЛД НИЙЦСЭН МАРШАЛ
Юу юунаас илүүтай Мунирыг тодотгож буй алдар бол Трампын таалалд нийцсэн маршал гэдэг нь юм. Трамп 2.0 эринд АНУ, Пакистаны халуун дотно харилцааг хадгалахад голлох үүрэг гүйцэтгэж буй хүн бол Мунир. Үүн дээр АНУ, Ираны энхийн хэлэлцээний зуучлагч гэсэн нэгэн шинэ дүр түүнд нэмэгдээд байна.
АНУ-ын Төв командлалын дарга генерал Майкл Курилла сүүлийн гурван жилийн хугацаанд Асим Муниртай дор хаяж зургаан удаа уулзжээ. Курилла 2023 онд Мунирын манлайллыг ил тод магтаж, тогтворгүй бүс нутгийг тогтворжуулахад гүйцэтгэж буй үүрэг нөлөөг нь сайшаасан удаатай.
Энэ нь Пакистан улс АНУ-ын хувьд НАТО-ийн гишүүн бус гол холбоотон хэвээр байгаагийн нэг дохио юм. Капитол хиллд жил бүр болдог тагнуулын тайлан танилцуулгын үеэр Пакистаны цөмийн аюулгүй байдал болон АНУ, Пакистаны харилцаа тогтмол хөндөгддөг. Саудын Араб, Катар, Арабын нэгдсэн Эмират зэрэг АНУ-ын холбоотнуудтай Пакистан ойр харилцаатай байдгийг харгалзан үзвэл энэ нь ч аргагүй юм.
Мунир олны анхаарлын төвд орж эхэлсэн нь 2025 оны тавдугаар сар. Тухайн үед Пакистан, Энэтхэгийн хооронд мөргөлдөөн дэгдэж, дөрвөн өдөр үргэлжилсэн. Энэ мөргөлдөөнөөс болж цөмийн зэвсэгтэй хөршүүдийн хооронд бүрэн хэмжээний дайн гарах вий гэж олон улс эмээж байв.
Трамп энэ үед мөргөлдөөнийг хөндлөнгөөс зохицуулахыг оролдож, талуудад тулаанаа зогсоохыг уриалсан юм. Мөргөлдөөн зогссон хойно Трамп алдар гавьяаг өөр дээрээ авахыг оролдсон бөгөөд Пакистан ч үүнийг нь хөхиүлэн дэмжжээ. Пакистаны эрх баригчид Трампыг ил тодоор дэмжээд зогсохгүй Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн билээ. Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд ийм санал гаргасан анхны улсаар Пакистан ийнхүү тодорсон.
Мөргөлдөөний дараа Асим Мунир Пакистаны албан тушаалтнуудын хамтаар Цагаан ордонд айлчилсан билээ. Улс төрийн шинжээч Шужа Навазын хэлснээр, Трамп ялагчдад дуртай. Тийм ч учраас Трамп Асим Мунираас хурдтай шийдвэр гаргах чадвартай ялагчийн дүр төрхийг олж харсан болов уу.
Улс төрийн нөхцөл байдал нь тогтворгүй, Исламын террорист бүлэглэлтэй холбоотой гэх зэрэг шалтгаанаар АНУ олон жилийн турш Пакистанаас зайгаа барьсаар ирсэн. Гэвч тогтсон хэв маяг Трамп 2.0 эринд өөрчлөгдөж эхэлсэн юм.
Ойрхи Дорнодод энх тайвныг тогтоох тухай “Энх тайван 2025” хэлэлцээний үеэр Трамп Асим Мунирыг миний дуртай маршал гэж ил тод зарласан байдаг.
АНУ, Ираны дайн эхэлснээс хойш Трампын таалалд нийцсэн маршал Асим Мунир Тегеранд дор хаяж хоёр удаа айлчилжээ. Мөн Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкян ч Пакистанд айлчилсан нь Исламабадын дипломат байр суурийг бэхжүүлж, бүс нутгийн хүлээн зөвшөөрөгдсөн зуучлагч гэдгийг нь тодотгож байна.