Тяньаньмэний үйл явдлын дурсамжийг арчихыг оролдож байна гэж шүүмжилжээ

БЭЭЖИН, 2026 оны зургаадугаар сарын 5 /Kyodo/. Пүрэв гарагт Хятадын эрх баригчид 1989 онд Бээжин хотын Тяньаньмэний талбайд ардчиллыг дэмжигч жагсагчдыг цэргийн хүчээр дарсан үйл явдлаас 37 жил өнгөрч байгааг тохиолдуулан аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж, уг үйл явдлын талаарх дурсамжийг олон нийтийн ой санамжаас арилгах хүчин чармайлтаа эрчимжүүлжээ. Уг үйл явдлын үеэр амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхнийг оршуулгын газарт очихыг хориглосон байна.

Эх газрын Хятадад гашуудан дурсах олон нийтийн бүх хэлбэрийн үйл ажиллагааг хориглож, уг үйл явдал болсон өдрөөр хохирогчдын дурсгалыг хүндэтгэх аливаа оролдлогоос сэргийлэхийн тулд Тяньаньмэний талбай орчимд олон тооны цагдаа, автомашин байрлуулжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио лхагва гарагт Хятадын эрх баригчдыг цус урсгасан эл үйл явдлын дурсамжийг арчихыг оролдож байна хэмээн шүүмжилжээ. Тэрбээр мэдэгдэхдээ “Хэчнээн хатуу цензур тогтоосон ч өнгөрсөн түүхийг баллуурдаж чадахгүй” гэжээ.


Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, М.Рубиогийн “буруу ташаа” мэдэгдлийг Бээжин “эрс буруушааж, хатуу эсэргүүцэж байна” гээд, түүний хэлсэн үг нь “түүхийн бодит үнэнийг мушгин гуйвуулсан”, “Хятад улсын улс төрийн тогтолцоо болон хөгжлийн замыг гутаан доромжилсон хэрэг” хэмээн мэдэгджээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн