Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом”-ын зургаадугаар тойргийн сүүлийн барилдаанууд сонирхолтой, өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө. Өчигдөр (2026.03.28) “АПУ, Скайтел” болон “Од групп” багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авч, амжилтаа ахиулсан байна.
“АПУ, Скайтел” баг “Хубилай хаан” багийг 18:7-гийн харьцаагаар яллаа. Энэ барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр 5, улсын харцага Б.Цэдэнсодном 3, аймгийн арслан Э.Баасанжав 4 даваа авч, багийнхаа ялалтад гол нөлөө үзүүлжээ. Харин “Хубилай хаан” багаас даваа цөөн байсан нь онооны зөрүү их гарахад хүргэсэн байна.
Мөн “Од групп” баг “Хүлэгү” багийг 25:0-ээр илт давуу ялж, энэ тойргийн хамгийн өндөр оноотой ялалтыг авлаа. Улсын заан Д.Хүдэрбулга, улсын харцага Г.Ганхуяг, улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл нар тус бүр 5 даваа авч, багийнхаа ялалтыг ахиулсан юм. “Хүлэгү” баг бүрэлдэхүүн дутуугаас болж даваа авч чадсангүй. Ийнхүү зургаадугаар тойрог дуусаж, багуудын өрсөлдөөн улам ширүүсч байна.
Харин өнөөдөр буюу гуравдугаар сарын 29-ний ням гарагт 14:30 цагаас долоодугаар тойргийн эхний барилдаанууд эхэлнэ. Энэ өдөр “Хатант интернэшнл” баг “Эв Монгол” багтай, “Хубилай хаан” баг “MCS ENERGY” багтай тус тус барилдана.