Озэки болсон Киришима Б.Лхагвасүрэн: Ёкозүна болох миний зорилго

Киришима Б.Лхагвасүрэн хаврын башёд түрүүлэн озэки цолоо эргүүлэн авах болзлоо хангасан. Тэгвэл өнөөдөр/2026.03.25/ сүмогийн холбоо түүнийг озэки цолтой болсныг албан ёсоор мэдэгдлээ.

Киришима Б.Лхагвасүрэн сүүлийн гурван башёд нийт 33 болон түүнээс дээш даваа авч, озэки цолны болзол хангасан юм.

Киришима анх 2023 оны хаврын башёд түрүүлэн улмаар 2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр озэки цол хүртэж байсан билээ. Гэвч 2024 оны тааруу барилдааныхаа улмаас озэки цолоо алдаж, сэкивакэ цол руу буурсан. Тэрбээр хүзүүний бэртлийн улмаас санасандаа барилдаж, ёкозүна цол руу ойртож чадаагүй.

Харин энэ жил бэртэл, гэмтэлгүй сайн барилдаж, энэ оны хоёр дахь башёд түрүүллээ.

Озэки цолоо эргүүлэн авсан Киришима ярихдаа “Илүү өндөрт хүрэхийн тулд илүү хичээх болно. Би юу, юунаас илүү баяртай байна. Өглөөнөөс хойш л сэтгэл түгшлээ. Бэлтгэлийнхээ ачаар энд хүрлээ. Өмнө нь хийж байсан зүйлсээ үргэлжлүүлэн хийнэ. Ёкозүна болох миний зорилго байсаар ирсэн. Тиймээс энэ зорилгынхоо төлөө урьдын адил байж, илүү хичээнэ” гэв.

Өдгөө 29 настай тэрбээр озэки цолоо эргүүлэн авсан сүмогийн түүхэн дэх гурав дахь бөх болов. Түүнээс өмнө Кайкэцү, Тэрүнофүжи нар ийм амжилт үзүүлж байжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн