“Өсвөрийн парламент”-ын гишүүд усны талаар хэлэлцүүлэг өрнүүлэв

Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 11-12 дугаар ангийн 126 сурагч “Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрт хамрагдлаа.  

Тэдэнд хууль тогтоох явцын үе шат, хэлэлцүүлэг, санал хураалтыг бодитоор харуулахаар “Загвар чуулган”-ы хуралдааныг МУИС-ийн хичээлийн байранд өчигдөр зохион байгуулав. “Загвар чуулган”-ы хуралдаанд танхимаар 70, цахимаар 56 гишүүнээс гадна Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Усны газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Цэнгэг ус, байгаль хамгаалах төв, “Wash action” ТББ-ын төлөөлөл оролцсон юм. Оролцогчид парламентын боловсрол, хүний эрх, аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй, тогтвортой хөгжлийн зорилгын талаар мэдлэг, ойлголттой болж, багаар ажиллах ур чадвар, нөлөөллийн ажлын дадлага, туршлагатай болохыг УИХ-ын ХМОНХГ мэдээлэв.

Хуралдаан “Өсвөрийн парламент”-ын асуулгын цагаар үргэлжилж, гишүүд “Усны нөөцийн судалгаа, хамгаалал, усны нөөцийн нэгдсэн менежмент”, “Ус ба тэгш эрх”, “Сургуулийн орчин дахь усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй”-н тухай мэдээлэл сонсож, асуулт асуун, байр сууриа илэрхийллээ.

“Дэлхийн усны өдөр”-ийг жил бүрийн 3 дугаар сарын 22-нд тэмдэглэдэг бөгөөд энэ нь цэвэр ус, усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах зорилготой юм. НҮБ-ын Хүрээлэн буй орчин, хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхий усны тэмдэглэлт өдөртэй болох санал дэвшүүлж, Ерөнхий Ассамблейн 1992 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор “Дэлхийн усны өдөр”-ийг тунхаглан зарласан билээ.

“Өсвөрийн парламент” хөтөлбөрийг энэ жил “Сургуулийн орчин дахь аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй ба өсвөр үе” буюу “WASH AND TEENS” сэдвээр зохион байгуулж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд гурван удаа загвар чуулган зохион байгуулж, чуулган тус бүрээс гарах санал, зөвлөмжийг нэгтгэн, УИХ-ын холбогдох Байнгын хороодод уламжлах юм.

“Өсвөрийн парламент” хөтөлбөрт өнгөрсөн дөрвөн жилд 21 аймаг, 9 дүүргийн 456 сурагч хамрагджээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн