ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 28 /Kazinform/. Ираны эсрэг Америкийн цэргийн ажиллагаа эхэлжээ
Израилын тал Тегеран хотод пуужингийн цохилт өгсөний дараа Д.Трамп мэдэгдэл хийхдээ “Ираны эсрэг өргөн хэмжээний цэргийн ажиллагааг АНУ явуулж эхэлсэн” гэлээ.
Тэрбээр Truth Social олон нийтийн сүлжээний хуудсандаа 8 минутын дүрс бичлэгийг нийтлээд “энэхүү ажиллагаа нь Америкийн ард түмнийг хамгаалахад чиглэсэн” гэдгийг мэдэгджээ.
Ираны террорист дэглэмд цөмийн зэвсэгтэй болох боломжийг хэзээ ч олгохгүй байлгахад АНУ-ын бодлого чиглэнэ гэдгийг Д.Трамп дүрс бичлэгтээ дурдсан байна.
Мөн цөмийн зэвсгийн асуудлаар АНУ-ын тэсвэр тэвчээр алдарсан учраас цэргийн ажиллагаа явуулж эхэлснийг Америкийн Ерөнхийлөгч онцлон тэмдэглэжээ. Тэрбээр мөн Ираны пуужингийн нөөцийг бүхэлд нь устгах зорилготой гэдгээ илэрхийлээд “тэдний пуужингийн үйлдвэрлэлийг газартай тэгшилнэ” гэсэн байна.
Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпуст хандан зэвсгээ хураалгахыг уриалсан бөгөөд бууж өгсөн хүмүүсийн аюулгүй байдлыг бүрэн хангана гэдгээ мэдэгдлээ.
“Ираны цагдаа нар, аюулаас хамгаалах албаны ажилтнуудад хандан нэн даруй зэвсгээ хураалгахыг би уриалж байна. Эрх чөлөөнд хүрэх цаг хугацаа ойртож байна гэдгийг Ираны ард түмэнд хэлье. Гэр орноосоо бүү гараарай, гадаа гарвал аюултай шүү. Бидний ажиллагаа дуусмагц та бүхэн засаг төрөө удирдах болно, энэ бол та бүхний хувьд дэглэмийг түлхэн унагах цорын ганц боломж шүү” гэж Америкийн удирдагч мэдэгджээ.
Өмнө нь мэдээлснээр, өнөөдөр өглөө Израилын тал Тегеран хотод “өрсөх цохилт” өгсөн байна.