. ChatGPT-ийг хөгжүүлэгч OpenAI компани Пентагоны нууц сүлжээнд өөрийн хиймэл оюуны загварыг ашиглуулахыг зөвшөөрсөн тухай компанийн захирал Сэм Альтман мэдэгдсэн байна.
“Өнөөдөр бид АНУ-ын Цэргийн яамтай тэдний нууц сүлжээнд манай загварыг ашиглах талаар тохиролцоонд хүрлээ. Аюулгүй байдлын салбарт бидний хувьд, АНУ-ын нутаг дэвсгэрт олон нийтийг хянахыг хориглох, мөн бие даасан зэвсгийн системийг ашиглан хүч хэрэглэсэн тохиолдолд хариуцлага хүлээлэх гэсэн хоёр гол зарчим бий. Цэргийн яам эдгээр зарчмыг зөвшөөрч, бид үүнийг тохиролцоондоо оруулсан” гэж тэрбээр X нийгмийн сүлжээнд бичжээ.
Өмнө нь Америкийн технологийн өөр нэг компани болох Anthropic Пентагонтой хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд дээрхтэй ижил зарчмуудыг санал болгосон боловч тохиролцоонд хүрч чадаагүй юм. Тус компани өөрийн бүтээсэн системүүдийг Америкийн иргэдийг хянах болон бие даасан зэвсгийн системд ашиглахгүй байхыг шаарджээ. Харин Пентагон хиймэл оюуны технологийг цэргийн ажиллагаа явуулах, тагнуулын мэдээлэл цуглуулах зэрэгт ашиглахыг хүсэж байсан юм. Улмаар АНУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс холбооны бүх агентлаг, тэр дундаа Пентагонд хандан Anthropic-ийн системийг ашиглахаа зогсоохыг тушаасан байна.