ЖЕНЕВ, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /ANADOLU/. Уур амьсгалын хямрал ба хүмүүсийн эрүүл мэндийн харилцан хамаарал нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцийн оролцогч талуудын 31 дүгээр Бага хурлын үеэр хэлэлцэх гол сэдвүүдийн нэг байх болно. Энэ тухай Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын илтгэлд /ДЭМБ/ дурджээ.

Уг бага хурал 11 дүгээр сарын 9-20-нд Туркийн Анталия хотод явагдана.

Илтгэлд дурдсанаар, уур амьсгалын өөрчлөлт нь хүмүүсийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгаа бөгөөд түүний үр дагавар нь бүс нутгууд, хүн амын бүлгүүдэд харилцан адилгүйгээр нөлөөлж байна. ДЭМБ-ын хийсэн тооцооллоор, 3.3-3.6 тэрбум хүн уур амьсгалын өөрчлөлтөд өртөхөөр эмзэг нөхцөлд амьдарч байгаа ажээ.

Сүүлийн 20 жилийн хугацаанд цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас нас барсан тохиолдлын 90 гаруй хувь нь хөгжиж буй орнуудад ногдож байна. Өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж буй хүн амын бүлгүүд бол хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, нярай хүүхдүүд, ахимаг насны хүмүүс, эрүүл мэндийн асуудалтай хүмүүс болон аргагүйн эрхэнд шилжин суурьшсан хүмүүс юм.

Түүнээс гадна, ДЭМБ-ын зүгээс Бразилд болсон COP30 бага хурлын үеэр баталсан Эрүүл мэндийн салбар дахь Белемийн үйл ажиллагааны төлөвлөгөөг /BHAP/ хэрэгжүүлэхийг уриаллаа.  

Илтгэлд мөн Уур амьсгалын өөрчлөлтөд эрүүл мэндийн тогтолцооны тэсвэртэй байдлыг сайжруулах тухай санаачилгыг /Antalya Initiative for Health Resilience – AIR/ танилцуулсан байна.

ДЭМБ-ын өөр нэгэн илтгэлд дурдахдаа “уур амьсгал ба эрүүл мэндийн салбарт тодорхой 6 арга хэмжээг хэрэгжүүлснээр жил бүр 1.6 сая нас баралтаас урьдчилан сэргийлж, 3.9 их наяд долларын эдийн засгийн үр ашиг, мөн 5.4 их наяд долларын санхүүгийн нэмэлт ашгийг хүртэх боломжтой” гэжээ.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгдэхдээ, уур амьсгалын хямрал нь эрүүл мэндийн хямрал болж байгаа бөгөөд одоо байгаа арга хэрэгслүүдийг ашиглан үүнээс үүдэн гарах үр дагаврын багагүй хэсгээс урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг сануулан дурдлаа. 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх