ВАШИНГТОН, 2026 оны арван нэгдүгээр сарын 3 /RT/. АНУ-ын зуучлалаар ОХУ, Украины талуудын хооронд хийх хэлэлцээ энэ сарын 10, 11-нд АНЭУ-ын нийслэл Абу Даби хотод болно гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф мягмар гарагт буюу өнөөдөр мэдэгдлээ.
“Талууд дайны дараах аюулгүй байдлын асуудал, хурцадмал байдлыг намжаах, хүмүүнлэгийн санаачилгууд болон энх тайванд хүрэх дараагийн алхмуудыг голлон хэлэлцэнэ” гэж тэрбээр X нийгмийн сүлжээний хуудсандаа бичээд, уг хэлэлцээ “Украины эсрэг явуулж буй ОХУ-ын дайныг зогсоох талаар гаргаж буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүчин чармайлтын хүрээнд” ажлын хэсгийн түвшинд явагдана гэдгийг дурджээ.
Тусгай элчийн мэдээлснээр, АНУ-ын төлөөлөгчид энэ долоо хоногт Брюссель хотноо Франц, Герман, Их Британи, Европын Холбоо болон НАТО-гийн төлөөлөгчидтэй уулзана. Уулзалтаар Украинд аюулгүй байдлын баталгаа гаргах, дайны дараах Европын аюулгүй байдлын тогтолцоо, Украиныг сэргээн босгоход эдийн засгийн хувьд дэмжих боломжуудыг хэлэлцэх ажээ.
“Ирээдүй хойч үеийнхний аюулгүй байдлыг удаан хугацаанд хангахуйц, иж бүрэн, бат бөх энхийн хэлэлцээр байгуулахын төлөө Киев, Осло, Санкт-Петербургт хүрсэн ахиц дэвшлийг бататгана гэж найдаж байна” хэмээн С.Уиткофф онцолсон байна.
