Улаанбаатар, 2026 оны арван нэгдүгээр сарын 3 //. 2015 оноос эхлэн сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэж, иргэдийг цусаа хандивлах сайн үйлсэд уриалж ирсэн. Энэ удаа уг үйл ажиллагаа 138 дахь удаагаа зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан цусны нөөцийн хүрэлцээ, донорын идэвх оролцоо, цусаа хандивлахад анхаарах зүйлсийн талаар Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Цусны донор зохион байгуулах албаны их эмч Р.Энхтуяагаас тодрууллаа.
-Манай улсад цусны донорын тоо, идэвх оролцоо сүүлийн жилүүдэд хэрхэн өөрчлөгдөж байна вэ. Өдөрт дунджаар хэдэн нэгж цус цуглуулж, эмнэлгүүдийн хэрэгцээг хангаж байгаа вэ?
-Цусны донорын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Бид өмнө нь өдөрт 150 орчим нэгж цус цуглуулж, тухайн өдрийн хэрэгцээг хангадаг байсан бол өнөөдөр гурван суурин төв, нэг явуулын баг ажиллаж, өдөрт 250-300 нэгж цус цуглуулж байж эмнэлгүүдийн хэрэгцээг хангаж байна. Мөн цусны донорын идэвхийг нэмэгдүүлэх, тэдний оролцоо, гавьяаг алдаршуулах зорилгоор донорын зэрэглэлийг бий болгосон.
Өмнө нь 35 удаа цусаа өгсөн хүнийг хүндэт донор хэмээн өргөмжилдөг байсан бол 10-200 удаа цусаа өгсөн доноруудыг тусгайлан үнэлж, хүрэл, мөнгө, алт зэрэг зэрэглэлээр урамшуулдаг болсон.
Ингэснээр цусны донор болохын ач холбогдлыг олон нийтэд таниулж, нийгэмд эерэг хандлага төлөвшүүлэхийг зорьж байна. Энэ удаагийн “Цусаа бэлэглэх өдөр”-ийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байна. Бид энэ өдрөөрөө бахархалт донорууддаа талархал илэрхийлэхийн зэрэгцээ иргэдэд цусны донорын талаарх мэдлэг, мэдээлэл түгээж, бусдыг донор болохыг уриалдаг.
-Цусны донорын үйл ажиллагаанд байгууллагын хамтын ажиллагаа, иргэдийн бүлэг, хамт олны оролцоо чухал үүрэгтэй байдаг. Явуулын багийн ямар цагийн хуваариар хэрхэн ажиллаж байна вэ?
-Өөрийгөө эрүүл гэж үзэж байгаа, цус өгөхөд эрүүл мэндийн хувьд тохирох 18-60 насны хүн бүр донор болох боломжтой. Мөн донорын цусанд халдварын дөрвөн төрлийн шинжилгээ хийдэг. Тухайлбал, элэгний В, С вирус, бусад халдварын шинжилгээг хийж, цусны аюулгүй байдлыг хангадаг. Иргэд өөрсдийн идэвх санаачилгаар донор болох нь нэмэгдэж байна. Найз нөхөд, хамт олон, төгсөлтийн ангийнхан гээд хэсэг бүлгээрээ зохион байгуулалттай ирж цусаа хандивлах нь ч элбэг болсон. Бид төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажилладаг.
Явуулын баг өдөр бүр 09:30-12:30 цагийн хооронд байгууллагад очиж, цус цуглуулах үйл ажиллагаа зохион байгуулдаг. Бид улирал, сараар нь очих байгууллагуудаа урьдчилан төлөвлөж, тухайн байгууллагад мэдээлэл хүргэсний дараа ажилладаг.
Их, дээд сургуулиудын оюутнууд донорын үйл ажиллагаанд идэвхтэй хамрагддаг. Хичээлийн жил есдүгээр сард эхэлдэг учраас 10-12 дугаар сард шалгалтын үеэр оюутнуудын оролцоо харьцангуй буурдаг. Харин хаврын улиралд буюу 1-4 дүгээр сард биднийг очиход оюутнууд олноороо ирж, цусаа хандивладаг. Мөн байгууллагын идэвх оролцоо нэмэгдэж, зарим байгууллага жилдээ 2-3 удаа цусны донорын өдөрлөг зохион байгуулж, ажилтнуудаа хамруулдаг. Өдөр тутмын ажлын ачааллаас шалтгаалан хүн бүр манай төвд өөрийн биеэр ирж цусаа өгөх боломжгүй байдаг учраас явуулын багаар дамжуулан байгууллагад хүрч ажиллахыг зорьдог.
-Эмнэлгүүдийн цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ харилцан адилгүй байдаг. Тухайлбал, тодорхой бүлгийн цусны эрэлт нэмэгдэх, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал товлогдох үед нөөцөө хэрхэн бүрдүүлж, хэрэгцээг тасралтгүй хангаж байна вэ?
-Бид цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг тогтмол нэмэгдүүлж, эмнэлгүүдийн хэрэгцээг тасралтгүй хангах зорилгоор энэ төрлийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг. Тухайлбал, энэ оны 12 дугаар сард элэг шилжүүлэн суулгах дөрвөн удаагийн хагалгаа хийх захиалга ирсэн. Үүний дагуу бид шаардлагатай цусыг цуглуулж, цусан бүтээгдэхүүнийг бэлтгэн, эмнэлэгт нийлүүлэхээр ажиллаж байна. Зарим үед тодорхой бүлгийн цусны захиалга нэмэгдэх тохиолдол гардаг. Гэхдээ цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг хангалттай бүрдүүлж, эмнэлгүүдийнхээ хэрэгцээг тасралтгүй ханган ажиллаж байна.
-Сүүлийн жилүүдэд цусны донорын тоо нэмэгдэж байгаа нь иргэдийн, тэр дундаа залуучуудын оролцоо идэвхжиж байгааг харуулж байна. Донорын тоо, цусны хэрэгцээний өсөлт ямар түвшинд байна вэ. Цусаа хандивлахыг хүссэн хүмүүст та юу зөвлөх вэ?
-Сүүлийн жилүүдэд залуучуудын цусны донорын талаарх мэдлэг, хандлага эрс сайжирч, 18 нас хүрээд цусаа хандивлах хүсэлтэй болсон. Цаашлаад тогтмол донор болдог залуус олон байна. Зарим нь сар бүрийн 3-ны өдөр буюу “Цусаа бэлэглэх өдөр”-өөр ирж цусаа өгдөг бол зарим нь төрсөн өдрөөрөө донор болохыг эрхэмлэдэг. Нийт донорын 40-50 орчим хувийг залуучууд эзэлдэг.
Бид жил бүр 35 мянгаас дээш донороос цус цуглуулах төлөвлөгөөтэй ажилладаг. Энэ үзүүлэлт жилээс жилд нэмэгдэж байгаа. Өмнөх жилүүдэд 30 мянга орчим байсан бол 35 мянга болж, цаашид 40 мянгад хүрэхээр өсөж байна.
Энэ нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүрээнд цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ нэмэгдэж байгааг харуулж байгаа юм. Цусны донор болох нь бусдын амь насыг аврах хамгийн том сайн үйлсийн нэг юм. Бид доноруудад “Таны бэлэглэсэн нэг удаагийн цус гурван хүний амийг аврах боломжтой” гэж хэлдэг. Хүн цусаа хандивласны дараа цусны эзлэхүүн 72 цагийн дотор нөхөн төлждөг бол цусны эсүүдийн нөхөн төлжилт тодорхой хугацаанд үргэлжилдэг. Тухайлбал, улаан эсийн нөхөн төлжилт хэдэн долоо хоног, сараар явагдана. Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн цусаа өгөх давтамжид ч ялгаа бий. Тиймээс иргэн бүр нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, эрүүл мэндийн хувьд цус хандивлах боломжтой бол донор болоорой гэж уриалмаар байна.
