ВАШИНГТОН, 2026 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. Америкийн стриминг үйлчилгээний “Netflix” компанийн гуравдугаар улирлын ашиг шинжээчдийн таамгаас давсан боловч зар сурталчилгааны орлогын төсөөллөө бууруулж, халаа сэлгээ хийсний дараа хувьцааных нь ханш хөрөнгийн биржийн үндсэн арилжаа хаагдсаны дараах арилжаагаар 6 шахам хувиар унажээ.

Тус компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг 87 цент болж, шинжээчдийн таамаглаж байснаас /82 цент/ давжээ. Орлого нь өмнөх оны мөн үеийнхээс 11.8 хувиар өсөж, 12.87 тэрбум ам.долларт хүрсэн бол цэвэр ашиг нь 3.66 тэрбум ам.доллар болжээ.

“Netflix” хувьцаа эзэмшигчдэдээ илгээсэн захидалдаа зар сурталчилгааны орлогын төсөөллөө 3 тэрбум ам.доллароос 2.7 тэрбум ам.доллар болгон бууруулснаа мэдэгджээ. Тус компани үүний шалтгааныг зар сурталчилгааны зарим хэрэгслийг нэвтрүүлэх ажил төлөвлөж байснаас удааширсантай холбон тайлбарласан байна.

“Netflix” дөрөвдүгээр улирлын орлогыг 13.44 тэрбум ам.доллар, нэгж хувьцаанд ногдох ашгийг 67 цент байхаар таамаглажээ. Мөн үйл ажиллагааны ашгийн маржин 26 хувь байна гэж тооцсон бөгөөд үүнд саяхан зарласан орон тооны цомхотголтой холбоотой зардлыг тусгажээ.

“Өрсөлдөөн улам ширүүсэж, хэрэглэгчдийн анхаарлыг татах контентын тоо эрс нэмэгдэж буй энэ үед стратегиа тодорхойлж, түүнийгээ үр дүнтэй хэрэгжүүлэх нь нэн чухал” гэж “Netflix” мэдэгдсэн байна.

Санхүүгийн тайлангаа танилцуулсан энэ үед тус компанийн контентын бодлого хариуцсан хоёр удирдах албан тушаалтан ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ. Тодруулбал, “Disney” болон “Fox” компанид удирдах албан тушаал хашиж байсан Питер Райсыг аравдугаар сарын 26-наас Бела Бажариягийн оронд контент хариуцсан захирлаар томилохоор шийдвэрлэснээ “Netflix” мэдэгджээ. 

Б.Бажария тус компанид бараг арван жил ажилласны эцэст албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр болж байна. Харин П.Райс олон улсын хэмжээнд хэрэгжүүлэх контентын үйл ажиллагааг (зохиолт болон зохиолгүй цуврал, кино, шууд дамжуулалт) хариуцна. “Арван жилийн турш тууштай зүтгэж, шинийг санаачлан, бүтээлчээр ажиллаж, манлайлсанд Белад талархал илэрхийлье” гэж “Netflix”-ийн хамтран гүйцэтгэх захирал Тед Сарандос хэлжээ.

Түүнчлэн “Netflix”-ийн кино үйлдвэрлэл хариуцсан захирал Дан Лин мөн ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ. Ингэснээр долоо хоногийн дотор тус компанийн удирдах түвшний хоёр дахь албан тушаалтан ажлаасаа гарч байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх