Цахим спортын Counter Strike-2 тоглоомын хоёрдугаар зэрэглэлийн 1win Private Club-2 тэмцээн Сербийн Белград хотноо дөрвөн өдөр үргэлжилж, Монголын MongolZ баг аваргаар тодорлоо.

Финалын тоглолтод манай улсын MongolZ баг ОХУ-ын PARIVISION-ыг 3:0-ээр буулган авснаар 14 сар үргэлжилсэн аваргын цомгүй цувралыг зогсоов. Хамгийн сүүлд 2025 оны наймдугаар сард Esports World Cup 2025 тэмцээнд аваргын цом өргөснөөс хойш ямар нэгэн тэмцээнд түрүүлээгүй байв.

Энэхүү амжилтын дараа MongolZ баг Азийн чансааг тэргүүлж эхэлсэн бөгөөд дэлхийн чансаанд ч байр сууриа ахиулжээ. Тэмцээний дараах чансаагаар тэд дэлхийн чансааны 20, Valve-ийн чансааны 24 дүгээр байрт бичигдэж, Азийн багуудаас нэгдүгээрт жагссан байна. MongolZ баг нэг жил гаруйн хугацаанд үндсэн бүрэлдэхүүндээ хэд хэдэн өөрчлөлт оруулсны эцэст хуучин тоглогч nin9 буюу Г.Есөнтөмөрийг өнгөрсөн сард албан ёсоор эгнээндээ нэгтгэсэний дараа анхны түрүүгээ авч байна.

Найман баг оролцсон “1win Private Club-2” тэмцээнд MongolZ түрүүлэхдээ зургаан тоглолтоос тав хожиж, нэг хожигджээ. bLitz, 910, Techno, nin9, cobrazera нарын бүрэлдэхүүнтэй, дасгалжуулагч maaraa-гийн удирдлагад оролцсон MongolZ баг эхлээд Шведийн Alliance-ыг 2:0-ээр хожсон ч хоёр дахь тоглолтдоо BIG багт 0:2-оор хожигдож, доод хүснэгт рүү унасан юм. Улмаар Magic-ийг 2:0, PRIVATE-ыг 2:0, BIG-ийг 2:1, ОХУ-ын PARIVISION-ыг 3:0-ээр хожиж аварга болсноор 25 мянган ам.долларын шагнал хүртэв. 

Тэд маргааш Румыны нийслэл Бухарест хотод болох 1.25 сая ам.долларын шагналын сантай шилдэг 16-гийн тэмцээнд өрсөлдөх юм. 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх