Он гарсаар аравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд нийслэлийн хоёр дүүрэг, 12 аймгийн 63 суманд нийт 172 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад энэ үзүүлэлт 36.2 хувиар буурсан.
Гэсэн хэдий ч нийт түймрийн 77 хувь буюу 134 нь хээрийн түймэр байжээ. Гал түймрийн аюулаас 4950 гэр, 25 өвөлжөө хашаа саравч, 8 автомашиныг авран хамгаалсан. Мөн 3 айл өрхийн 8 иргэн, 3760 орчим малыг нүүлгэн шилжүүлсэн.
Харамсалтай нь 1 иргэн нас барж, 2 иргэн түлэгдсэн. 12 гэр, 2 байшин, 6 өвөлжөө, 38 хашаа саравч, 6 автомашин техник, 131 бод, 1012 бог мал өртсөн. Нийт 1.016.908 га талбайд хохирол учирч, урьдчилсан байдлаар 7.9 орчим тэрбум төгрөгийн хохирол гарчээ.
Хамгийн олон түймэр Дорнод аймагт 61, Сүхбаатар аймагт 39, Хэнтий аймагт 28 бүртгэгдсэн байна. Өмнөх жилүүдийн гал түймрийн дуудлагын тоо өндөр байсан ч энэ жил буурсан үзүүлэлттэй байна.
