УИХ-ын гишүүн, Монгол-Тажикистаны парламентын бүлгийн дарга О.Алтангэрэл өнөөдөр Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулганд оролцож буй Тажикистан Улсын Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Б.Сайдвализодаг хүлээн авч уулзлаа.

О.Алтангэрэл сүүлийн жилүүдэд хоёр орны улс төрийн яриа хэлэлцээ идэвхжиж, хамтын ажиллагаа бодит агуулгаар баяжиж байгааг тэмдэглэв. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны Тажикистан дахь төрийн айлчлал болон энэ оны долоодугаар сард Тажикистаны Ерөнхийлөгч Э.Рахмон Монголд хийсэн айлчлал энэ чиг хандлагын баталгаа болж байгааг онцлов.

Б.Сайдвализода Тажикистаны парламент хоёр улсын харилцаанд өндөр ач холбогдол өгдөг хэмээгээд, чуулга уулзалтыг өндөр түвшинд зохион байгуулсанд талархал илэрхийлэв. Тэрбээр Ерөнхийлөгч нарын харилцан айлчлал харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг дурдав.

Мөн соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх саналыг дэвшүүлж, Тажикистаны соёлын өдрүүдийг Монголд зохион байгуулах хүсэлтэйгээ илэрхийлэв. Тажикистаны Дэлхийн энх тайвны төлөөх санаачилгыг Монгол Улс дэмжсэнд талархал илэрхийлсэн юм.

О.Алтангэрэл Тажикистаны соёлыг иргэдэд таниулах ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд, Тажикистан-Монголын парламентын бүлгийн гишүүдийг Монголд айлчлахыг урилаа.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн