АДДИС-АБЕБА, 2026 оны есдүгээр сарын 25 /Kazinform/. Этиопын засгийн газар арабика сортын кофены үйлдвэрлэлээ шинэчилж, дэлхийд хамгийн том үйлдвэрлэгч болох зорилт тавиад байгаа тухай “TV BRICS” сувгаар мэдээлжээ.
Тус улсын Ерөнхий сайд Аби Ахмед мэдэгдэхдээ, энэ төрлийн кофены өлгий нутаг болох Этиоп улс дэлхийд тэргүүлэгч үйлдвэрлэгч болох ёстой хэмээн онцолсон байна.
Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд орчин үеийн усалгааны систем, кофе боловсруулах үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт татахаар төлөвлөж байна. Кофены экспорт нь тус улсын гадаад валютын орлогыг бүрдүүлдгээс гадна, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй томоохон хөтөлбөрүүд Этиопын эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна.
Үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсний үр дүнд кофены жилийн үйлдвэрлэлийн хэмжээ мэдэгдэхүйц өсөж байгаа аж. Орчин үеийн усалгааны систем нэвтрүүлж, ургац хураалтыг механикжуулснаар кофены чанар сайжирсны зэрэгцээ тариаланчдын хөдөлмөрийг хөнгөвчилжээ.
Кофе үйлдвэрлэгч, экспортлогчид дэлхийн зах зээл дэх өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд бүтээгдэхүүнийхээ чанарыг өндөр түвшинд хадгалж, үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх нь чухал гэж үзэж байна. Этиопын кофены үйлдвэрлэлийг тасралтгүй шинэчилж, бүтээгдэхүүний чанарын стандартыг дээшлүүлсэн нь ялангуяа тусгай сортын кофены эрэлтийг эрс нэмэгдүүлжээ.
Ташрамд сонирхуулахад, Этиопын өмнөд нутгийн Гужи өндөрлөг бүс нутгийн кофе цахим дуудлага худалдаагаар 1 кг нь 2376 ам.доллароор буюу түүхэн дээд үнээр зарагдсан байна.
