Залуу үеийнхэн өмнөх үеийн ижил насныхнаасаа биологийн хувьд хурдан хөгширч байгаа нь 55-аас доош насанд хорт хавдар үүсэх эрсдэл нэмэгдэхтэй холбоотой байж болохыг шинэ судалгаа харуулжээ.
АНУ-ын Сент-Луис хот дахь Вашингтоны их сургуулийн Анагаах ухааны сургуулийн судлаачид үр дүнгээ Nature Medicine сэтгүүлд нийтэлсэн байна. Биологийн нас нь хүний амьдарсан жилийг бус, эс, эрхтэн, бодисын солилцоо болон бусад тогтолцоонд гарсан өөрчлөлтийг илэрхийлдэг.
Судлаачид Их Британийн UK Biobank сангийн 154 мянга гаруй залуу болон АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн All of Us хөтөлбөрийн 10 мянга гаруй оролцогчийн мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ.
Шинжилгээгээр биологийн хөгшрөлт түргэсэх тусам залуу насанд хатуу эдийн хорт хавдар үүсэх эрсдэл найман хувиар нэмэгдэх хандлага ажиглагдсан байна. Уушги, хоол боловсруулах эрхтэн, умайн хорт хавдарт энэ хамаарал илүү тод байсан бол өөхөн эдийн хөгшрөлт түргэссэн хүмүүсийн дунд бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэл нэмэгджээ.
Молекулын тархвар судлаач, дэд профессор Инь Чаогийн хэлснээр, эрүүл залуусын эрсдэлийг урьдчилан тодорхойлж чадвал хорт хавдраас сэргийлэх болон эрт илрүүлэх арга хэмжээг шаардлагатай хүмүүст чиглүүлэх боломжтой.
