БНХАУ байгуулагдсаны 77 жилийн ой болон Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 77 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам өчигдөр буюу есдүгээр сарын 22-нд Үндэсний баярын өдрийн хүлээн авалт зохион байгууллаа. Хүлээн авалтад Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Засгийн газрын сайд нар, төрийн байгууллага болон дипломат төлөөлөгчид оролцож, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиглэлийн талаар санал бодлоо хуваалцлаа.

Энэ үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Цао Ли болон Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр нар үг хэлсэн юм.

Хоёр талын илтгэлд Монгол, Хятадын харилцаа зөвхөн улс төр, дипломат харилцаагаар хязгаарлагдахгүй, худалдаа, дэд бүтэц, эрчим хүч, технологи, байгаль орчин, боловсрол, аялал жуулчлал зэрэг олон салбарт өргөжиж буйг онцоллоо.

77 ЖИЛИЙН ХАРИЛЦААНЫ ШИНЭ ҮЕ

Монгол Улс, БНХАУ 1949 онд дипломат харилцаа тогтоосноос хойш 77 жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцаа олон үе шатыг туулж, өнөөдөр Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн байна. Ж.Энхбаяр илтгэлдээ БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг онцолсон. Мөн цаашид харилцан ашигтай, эрх тэгш хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлжээ.

Түүний хэлсэнчлэн сүүлийн 30 гаруй жилд хоёр орны хамтын ажиллагаа улс төрөөс гадна эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн олон салбарыг хамарч, улам гүнзгийрсэн байна. Монгол, Хятадын эдийн засгийн харилцааны хамгийн том хэсэг нь худалдаа юм. Хятадын талын мэдээлснээр, энэ оны эхний найман сарын байдлаар хоёр орны худалдааны нийт хэмжээ 16.7 тэрбум ам.долларт хүрчээ.

Мөн Монголын нүүрсний экспорт Хятад руу 77.8 сая тоннд хүрсэн бол зэсийн экспортын үнийн дүн 82.6 хувиар өссөн байна.

Хоёр улс энэ онд хоёр талын худалдааны хэмжээг 20 тэрбум ам.долларт, нүүрсний экспортыг 100 сая тоннд хүргэх зорилт тавьжээ. Эдгээр тоо нь Монголын эдийн засаг, экспортын хувьд Хятадын зах зээл ямар чухал байр суурь эзэлж байгааг харуулж байна.

Үүний зэрэгцээ худалдааг нэмэгдүүлэхэд дэд бүтэц чухал. Ганцмод–Гашуунсухайтын хил дамнасан төмөр замын барилгын ажил талаас илүү хувийн гүйцэтгэлтэй болсон талаар Хятадын тал мэдээлсэн. Энэ төмөр зам ашиглалтад орсноор Монголын экспортын тээвэр, хил дамнасан худалдааны нөхцөлд өөрчлөлт гарах боломжтой.

ШИНЭ БОЛОМЖ

Монгол, Хятадын хамтын ажиллагааны өөр нэг чухал чиглэл нь эрчим хүч юм. Үүний нэг жишээ нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл билээ. Хятадын хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгээр хэрэгжиж буй тус төслийн явцтай Хятадын талын төлөөлөгч Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ховдод хийсэн айлчлалын үеэр танилцсан байна.

Мөн сүүлийн үед Монгол Улсад шатахууны нийлүүлэлтийн хүндрэл үүсэхэд Хятадын тал яаралтайгаар шатахуун нийлүүлсэн талаар Цао Ли илтгэлийнхээ үеэр хэллээ. Монголын Засгийн газрын зүгээс ч энэ дэмжлэгийг онцгойлон тэмдэглэж, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой байлгахад Хятадын тал дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлсэн байна.

Нөгөө талд Хятад улс ногоон хөгжилд ихээхэн анхаарч буйгаа мөн танилцуулсан. Тухайлбал, энэ оны долдугаар сард Хятадад борлуулсан шинэ автомашины 60 гаруй хувь нь цахилгаан болон бусад шинэ эрчим хүчний автомашин байв. Энэ нь Монголын хувьд ч ач холбогдолтой. Учир нь Монгол Улс цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ногоон хөгжлийг дэмжихэд анхаарч байгаа бөгөөд хоёр улсын байгууллага, аж ахуйн нэгжүүд энэ чиглэлээр хамтран ажиллах боломж нэмэгдэж байна.

Монгол, Хятадын хамтын ажиллагаа зөвхөн нүүрс, зэс, төмөр зам зэрэг уламжлалт салбараар хязгаарлагдахгүй болж байна.

Хятадын талын илтгэлд тус улсын хөгжлийн дараагийн хөдөлгөгч хүч нь технологийн инновац болж буйг онцолсон. Өмнө нь Хятадын экспортын дийлэнх нь хувцас, тавилга, цахилгаан хэрэгслээс цахилгаан автомашин, литийн батерей, нарны хавтан зэрэг байсан бол одоо хиймэл оюун ухаан, робот, эм үйлдвэрлэл зэрэг салбар шинэ өсөлтийн чиглэл болж байгааг дурджээ.

Монгол Улс ч хиймэл оюун ухаан, дижитал эдийн засгийг хөгжүүлэх зорилт тавьж байгаа. Тиймээс энэ салбар хоёр улсын хамтын ажиллагааны шинэ чиглэл болж болохыг Цао Ли онцолсон юм. Энэ нь Монголын хувьд технологийн шинэ мэдлэг, хөрөнгө оруулалт, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх боломжийг бий болох юм.

ХАМТЫН АЖИЛЛАГАА ЗӨВХӨН ТОМ ТӨСЛӨӨР ХЭМЖИГДЭХГҮЙ

Монгол, Хятадын харилцааны нэг хэсэг нь иргэдийн өдөр тутмын амьдралтай шууд холбоотой. Тухайлбал, Хятадын тал малын гоц халдварт шүлхий өвчний тархалтыг бууруулах зорилгоор Монгол Улсад дөрвөн сая тун вакциныг үе шаттай илгээсэн гэж мэдээлсэн. Мөн цөлжилттэй тэмцэх, малчдын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, хөрсний менежментийг сайжруулах зэрэг чиглэлээр төсөл хэрэгжүүлж байна. Мөн шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орж, спорт цогцолбор, Үндэсний урлагийн их театр, Цөлжилттэй тэмцэх төв зэрэг төслүүдэд ахиц гарч байгааг Хятадын талын илтгэлд дурдсан байна.

Өчигдрийн хүлээн авалтын үеэр хэлсэн хоёр талын илтгэлээс харахад Монгол, Хятадын харилцаа дараагийн үеийн хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлох шатанд явж байна.

Худалдаа, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц зэрэг уламжлалт салбарын хамтын ажиллагаа үргэлжилж байгаа ч үүн дээр хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, ногоон технологи, байгаль орчин, аялал жуулчлал, боловсрол зэрэг шинэ чиглэлүүд нэмэгдэж байна. Монголын талын байр суурийг илэрхийлсэн Ж.Энхбаяр хоёр орны уламжлалт найрсаг харилцаа харилцан хүндлэл, итгэлцэл, энхийн замаар асуудлыг шийдвэрлэх зарчимд тулгуурлаж ирснийг онцолсон. Цаашид хоёр орны хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын төлөө ажиллахаа мөн илэрхийлсэн юм.

Харин Хятадын тал стратегийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хоёр орны ард түмний ойлголцлыг нэмэгдүүлэхэд анхаарч байгаагаа илэрхийлжээ. Ийнхүү хоёр орны дипломат харилцааны 77 жилийн ой нь зөвхөн өнгөрсөн түүхээ эргэн харах бус, цаашдын хамтын ажиллагааг ямар чиглэлд хөгжүүлэх вэ гэдгийг ярилцах боломж болсон байна. Монгол, Хятадын харилцааны дараагийн үеийн гол сэдэв нь уламжлалт худалдаа, дэд бүтцийн хамтын ажиллагааг хадгалахын зэрэгцээ технологи, ногоон хөгжил, хүмүүнлэгийн харилцааг өргөжүүлэхэд чиглэж байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн