Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаатай холбоотой хөрөнгө оруулагчдын гомдол, маргааныг хүлээн авч, 30 хоногийн дотор шийдвэрлэх чиг үүргийг Хөрөнгө оруулалт, худалдааны газарт шилжүүлжээ. Зохицуулалт нь дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад адил үйлчилнэ.

Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан есдүгээр сарын 24-ний хэвлэлийн хурлаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах шинэ тогтолцооны талаар мэдээлэв.

Хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2026 оны долоодугаар сард баталсан бөгөөд хөрөнгө оруулагчдад тэгш, шударга хандах, хууль ёсны хөрөнгө болон орлогыг хамгаалах, хөрөнгө оруулалтын орчныг ил тод, тогтвортой байлгах зарчмыг тусгажээ. Мөн гэрээгээр хүлээсэн үүргийг шударгаар биелүүлэх, тогтвортой, хариуцлагатай хөрөнгө оруулалтыг дэмжихээр зохицуулсан байна.

Маргаан шийдвэрлэх боломжийг өргөжүүлжээ

Шадар сайдын зөвлөх Г.Жавхлантөгсийн мэдээлснээр, хуульд хөрөнгө оруулалтын хэлбэрийг өргөжүүлэх, гомдол маргааныг шийдвэрлэх тогтолцоог тодорхой болгох болон маргааныг олон улсын арбитраар шийдвэрлүүлэх боломжийг тусгасан байна.

Тэрбээр сэргээгдэх эрчим хүч, дата төвийн хөрөнгө оруулалтад ашиглах зарим тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр болсныг хэлжээ. Барилга байгууламж, инновац, технологийн салбарт хамаарах зохицуулалтыг мөн хуульд оруулсан байна.

Үүнээс гадна банк, хөрөнгө оруулалтын сан болон банк бус санхүүгийн байгууллагын тодорхой төрлийн хүүгийн орлогод ногдуулдаг татварыг 20 хувиас таван хувь болгон бууруулсан гэж тэрбээр мэдээлэв.

Эдийн засаг, хөгжлийн яаманд өмнө нь 50 гаруй гомдол ирсэн бол хууль есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээс хойш Хөрөнгө оруулалт, худалдааны газарт есөн гомдол бүртгэгдээд байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн