Монгол Улсад хүүхдийн мэс заслын алба үүсэж хөгжсөний 70 жилийн ойд зориулсан “Эрүүл ирээдүйн төлөө” олон улсын эрдэм шинжилгээний хурал есдүгээр сарын 24-нд боллоо. ЭХЭМҮТ-өөс зохион байгуулсан хурлаар хүүхэд, нярайн мэс заслын тусламжийн өнөөгийн байдал, шинэ технологи, орон нутгийн чадавх болон цаашдын зорилтыг хэлэлцэв.
Япон, БНСУ, АНУ, ОХУ, Энэтхэг зэрэг зургаан улсын 18 эрдэмтэн, эмч оролцож, сонгон шалгаруулсан 30 гаруй илтгэлийг хэлэлцүүлжээ. Дотоодын эмч, мэргэжилтнүүд 120 орчим илтгэл, өгүүлэл ирүүлсний 30 орчим нь орон нутгийн эмч нарын бүтээл байсан гэж ЭХЭМҮТ мэдээлэв.
Орон нутгийн чадавх
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Л.Ганбаярын хэлснээр, Монголд хүүхдийн мэс заслын тусламжийг ерөнхий, цээж, бөөр, нярай, мэдрэл, чих хамар хоолой, эрүү нүүр, нүд зэрэг есөн чиглэлээр үзүүлж байна. Одоогоор 21 аймгийн 17-д хүүхдийн мэс заслын тусламж хөгжүүлэх хүний нөөцийн тодорхой чадавх бүрджээ.
Хүүхдийн мэс засалд мэргэшсэн мэдээгүйжүүлгийн баг зайлшгүй шаардлагатай тул энэ чиглэлийн хүний нөөцийг бэлтгэхэд онцгой анхаарч байгааг тэрбээр онцолсон байна. Өмнө нь дөрвөн жил тутам зохион байгуулдаг байсан хурлыг цаашид хоёр жил тутам хийхээр төлөвлөжээ.
Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн мэс заслын эмч Х.Мөнхбат орон нутагт эм, тоног төхөөрөмж, төсвийн хүртээмж хүндрэлтэй хэвээр байгааг хэлэв. Нарийн төвөгтэй хагалгааны боломж хязгаарлагдмал ч эмч нарын ур чадвар сайжирч буйг тэрбээр тэмдэглэжээ.
Тусламжийн ачаалал
ЭХЭМҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгууд 2025 онд 151 төсөвт ортой ажиллаж, 9,505 хүүхдийг хэвтүүлэн эмчилсэн байна. Тус төвд хийсэн 11,816 хагалгааны 8,089 буюу 68.5 хувь нь хүүхдийн мэс заслын тасгуудад ногдож, тэдгээрийн 34.7 хувь нь яаралтай хагалгаа байжээ.
Хурлаар эрхтэн шилжүүлэн суулгах, нөхөн сэргээх болон бусад шинэ технологийг нутагшуулах, эмнэлзүйн тусламжийг сургалт, судалгаатай уялдуулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг мөн хэлэлцсэн байна.
