АНУ-ын тал ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг Майами хотод болох G20 буюу Хорийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад урьсан гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдэгдлээ.

Рубиогийн хэлснээр, уг уулзалт Владимир Путинд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон дэлхийн бусад удирдагчтай хэлэлцээ хийх боломж олгоно. Тэрбээр санал зөрөлдөөнтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд талуудын удирдагчид уулзах шаардлагатайг онцолжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков урилгад талархаж байгаагаа илэрхийлээд, асуудлыг дипломат шугамаар хэлэлцсэний дараа шийдвэр гаргана гэж мэдэгдсэн байна.

Кремлийн хэвлэлийн алба ОХУ уулзалтад өндөр түвшинд оролцоно гэж өмнө нь мэдээлсэн боловч Владимир Путин өөрөө оролцох эсэх нь одоогоор тодорхой болоогүй байна.

Дэлхийн томоохон эдийн засагтай улсууд, Африкийн Холбоо болон Европын Холбоог нэгтгэдэг G20-ийн дээд хэмжээний уулзалтыг арванхоёрдугаар сарын 14-15-нд Майамид зохион байгуулахаар товложээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн