ВАШИНГТОН, 2026 оны есдүгээр сарын 22 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэхдээ Кубыг дампуурсан улс хэмээн тодорхойлж, арлын тус улсын ард түмэн удахгүй эрх чөлөөтэй болно гэж мэдэгджээ. Ингэснээр коммунист засаглалтай Кубатай харилцах харилцааг улам хурцатгав.
АНУ-ын засаг захиргаа Кубын дэглэмийг өөрчлөхийг зорьж буйгаа ил тод мэдэгдсээр ирсэн бөгөөд энэ оны эхнээс тус улсын эсрэг нефтийн хориг хэрэгжүүлж эхэлсэн нь Кубын эдийн засагт хүнд дарамт учруулж байна. Үүний улмаас түлшний хомсдол үүсэж, дэд бүтцийн доголдлыг дагасан цахилгаан тасалдал нэмэгджээ.
“Манай засаг захиргаа мөн Кубын нөхцөл байдлыг үндсээр нь өөрчлөхийг зорьж байна. Тус улсын коммунист дэглэм урьд хожид орж байгаагүй их дарамт шахалттай тулгараад байгаа. Энэ бол үнэхээр дампуурсан улс, урьд хожид байгаагүйгээр нуран унаж байна. Энэ дэглэм нуран унана” гэж Д.Трамп НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэхдээ мэдэгджээ.
“Коммунизм Америкт хэзээ ч ирэхгүй. Харин эрх чөлөө Кубад ирнэ” гэж тэрбээр хэлсэн байна.
Д.Трампыг үг хэлж байх үеэр Кубын төлөөлөгчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн танхимаас гарч явжээ.
Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канель дараа нь “X” нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ, Куба улс бүрэн эрхт байдлаа хамгаална гээд, Д.Трампыг улс орныг аюул занал мэтээр харуулж, хатуу арга хэмжээ авахыг зөвтгөж байна хэмээн буруутгажээ.
АНУ Кубад худалдааны хориг тавиад 60 гаруй жил өнгөрч байгаа бөгөөд Д.Трампын засаг захиргаа Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог цэргийн хүч ашиглан эрх мэдлээс зайлуулсны дараа Кубад үзүүлэх дарамт шахалтаа улам эрчимжүүлээд байгаа юм.
Д.Трамп өмнө нь ч мөн Кубыг “дампуурсан улс” хэмээн мэдэгдэж байсан. Тухайлбал, тэрбээр зургаадугаар сард АНУ-д Кубын талаар маш сайн төлөвлөгөө бий, тус улсыг “зохицуулна” гэж мэдэгдэж байв.
Фидель Кастрогийн удирдсан 1959 оны хувьсгалаас хойш Куба, АНУ-ын харилцаа олон арван жилийн турш зөрчилтэй байсаар ирсэн юм. Д.Трампыг Флорида муж улсад оршин суудаг хатуу байр суурь баримталдаг куба гаралтай америкчууд ихээхэн дэмждэг бөгөөд тэд АНУ-аас Кубын дэглэмийг өөрчлөхийг олон арван жилийн турш шаардаж иржээ.
