Ерөнхий сайд Н.Учрал “Намрын ногоон өдрүүд — Үндэсний үйлдвэрлэл 2026” өргөтгөсөн худалдаанд оролцож буй тариаланч, ногоочидтой уулзаж, Засгийн газрын бодлогыг танилцуулан санал хүсэлтийг нь сонслоо.

Тэрбээр “Чөлөөлье” санаачилгын хүрээнд хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих арга хэмжээг төсвийн тодотгол болон ирэх оны төсөвт тусгаж байгааг хэлэв. Худалдаа, үйлчилгээний зарим бүртгэл, зөвшөөрлийг хялбаршуулж, төрийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдүүлснийг мөн онцолжээ.

Татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ирэх жил 15 мянган ажлын байр бий болгохоор тооцсон бөгөөд үүнд хөдөө аж ахуйн салбар голлох үүрэгтэй гэж Ерөнхий сайд мэдэгдлээ. Төрийн банкны 1.1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн тодорхой хувийг тус салбарт зарцуулахаар төлөвлөсөн байна.

Түүнчлэн улсын төсвөөр анх удаа төмс, хүнсний ногоо болон 100 мянган тонн улаанбуудай нөөцөлж, зорилтот бүлэгт хүргэхээр тусгажээ.

Нийслэл болон 21 аймгийн бүтээгдэхүүнийг дэлгэсэн уг худалдаа 21 дэх жилдээ болж байна. Есдүгээр сарын 27-нд дуусахаар байсан арга хэмжээг оролцогчдын хүсэлтээр долоо хоногоор сунгахаар болжээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн