УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт болон холбогдох албаныхантай уулзаж, эдийн засгийн нөхцөл байдал, 2027 оны мөнгөний бодлогын талаар санал солилцлоо.

Уулзалтаар эдийн засгийн өсөлт 7.6 хувь, экспортын орлого 14.4 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл 826 сая ам.долларын ашигтай гарсныг онцлов. Гэвч наймдугаар сарын байдлаар иргэдийн бодит орлого 4.8 хувь, өрхийн бодит хэрэглээ 4.1 хувиар буурч, ажилгүйдэл нэг нэгж хувиар өссөнийг дурджээ.

С.Бямбацогт мөнгөний бодлогыг өрхийн орлогыг хамгаалах, ажлын байр нэмэгдүүлэх, төгрөгийн худалдан авах чадварыг бэхжүүлэхэд чиглүүлэх шаардлагатай гэж үзэв. Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн үлдэгдэл 2021 оны 1.7 их наяд төгрөгөөс 2025 онд 7.2 их наяд төгрөг болж өссөн тул өндөр хүүгийн дарамтыг бууруулахыг санал болголоо.

Мөн арилжааны банкуудын гадаад эх үүсвэр татах боломжийг нэмэгдүүлж, үйлдвэрлэл, боловсруулалт, экспортын салбарт урт хугацааны хөнгөлөлттэй санхүүжилт олгох нь чухал гэж тэмдэглэв.

Монголбанкны Ерөнхийлөгч эдгээр санал, зөвлөмжийг 2027 оны мөнгөний бодлогод тусган ажиллахаа илэрхийлсэн гэж УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн