ТОКИО, 2026 оны есдүгээр сарын 22 /Kyodo/. Японы 65 ба түүнээс дээш насны иргэд нийт хүн амын 29.6 хувийг эзэлж, түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн талаар тус улсын Засгийн газрын мэдээлэлд дурджээ. Ингэснээр Япон улс 40 саяас дээш хүн амтай улс орнуудыг ахмад настнуудын эзлэх хувиар тэргүүлсэн хэвээр байна.

Ахмад настнуудын тоо өмнөх оныхоос 20 мянгаар нэмэгдэж, 36.24 саяд (15.71 сая нь эрэгтэйчүүд, 20.54 сая нь эмэгтэйчүүд) хүрсэн нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Японы Дотоод хэрэг, харилцаа холбооны яам ахмадын өдрийг даваа гарагт тэмдэглэхийн өмнө эдгээр тоо баримтыг танилцуулжээ.

Өнгөрсөн онд 65 болон түүнээс дээш насныхан Японы нийт хүн амын 29.4 хувийг эзэлж байсан нь бусад улс орнуудынхаас мөн өндөр үзүүлэлт байсныг тус яам өнгөрсөн оны есдүгээр сард мэдээлж байв. Уг үзүүлэлт 2022, 2024 оноос хойш гурав дах удаагаа түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ. 

40 сая ба түүнээс дээш хүн амтай 39 улсын дунд 65 ба түүнээс дээш насныхан нийт хүн амд эзлэх хувиар Японы дараа Итали 25.6 хувь, Герман 24.2 хувь, Франц 22.9 хувийн үзүүлэлтээр тус тус жагсжээ. Харин Японы нийт хүн амын 17.7 хувийг 75 болон түүнээс дээш насныхан эзэлж байгаа нь дэлхийн томоохон есөн улсын дунд мөн хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Италид энэ үзүүлэлт 13.3 хувьтай гарснаар тус улс хоёрдугаарт бичигджээ. 


Хүн ам, нийгмийн хамгааллын судалгааны үндэсний хүрээлэнгийн судлаачдын тооцоолсноор, 1971-74 оны “хоёр дахь их төрөлтийн үеийнхэн” ахмад настны ангилалд шилжиж байгаа тул Японы 65 болон түүнээс дээш насныхны тоо 2045 он гэхэд 39.45 саяд хүрч, нийт хүн амын 36.3 хувийг эзлэх төлөвтэй байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн