Египетийн судлаачид эртний хаан Тутанхамоны бунхны ойролцоо нууц хонгил, өрөөнүүд байж болзошгүйг илрүүлсэн талаар “Nature” сэтгүүл мэдээлжээ.
Тодруулбал, археологи, геофизикийн мэргэжилтнүүд газрын гүний радар болон таталцлын хүчний багахан өөрчлөлтийг хэмжих аргаар судалгаа хийсэн байна.
Судалгааны үр дүнгээр бунхны ойролцоо “нууц хонгил, өрөөнүүдээс бүрдсэн цогцолбор” байж болзошгүйг тогтоожээ.
Эдгээр байгууламжийг Тутанхамоныг оршуулахаас өмнө байгуулсан байж магадгүй гэж үзэж байна. Зарим таамагт Тутанхамоны хадам эх гэж үздэг хатан Нефертитиг түүний ойролцоо оршуулсан байж болзошгүй хэмээн дурддаг.
Судалгааны багийн ахлагч Мамдух Эль-Дамати хэлэхдээ, хэрэв олдвор батлагдвал орчин үеийн археологийн түүхэн дэх хамгийн том нээлтүүдийн нэг болно гэжээ.
Гэхдээ зарим мэргэжилтэн одоогоор дүгнэлт хийхэд эрт бөгөөд үр дүнг баталгаажуулах хангалттай мэдээлэл байхгүйг анхааруулсан байна.
Судлаачид Египетийн эрх баригчдаас зөвшөөрөл авбал сэжиглэгдэж буй өрөөнүүдийн доторх байдлыг шалгах нэмэлт судалгаа хийхээр төлөвлөж байгаа аж.
