НЬЮ-ЙОРК, 2026 оны есдүгээр сарын 15 /TASS/. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) “Лос-Анжелес Клипперс”, “Торонто” багууд NBA-гийн хоёр удаагийн аварга Кавай Леонардыг солилцохоор тохиролцсон тухай ESPN сувгийн сэтгүүлч Шамс Чарания “X” нийгмийн сүлжээний хуудсандаа мэдээлжээ.
“Клипперс” баг К.Леонардыг солилцсоны хариуд Брэндон Ингрэм, Грэйди Дик нарыг, мөн драфтын эхний тойргийн хамгаалалтгүй хоёр сонголт, өөр нэг эхний тойргийн сонголтыг солилцох эрх болон хоёрдугаар тойргийн хоёр сонголтыг авахаар болсон байна.
К.Леонард цалингийн дээд хязгаарын дүрэм зөрчсөн хэргээр шалгагдаж, үүний улмаас “Клипперс” баг 2029-2033 онд таван улирал дараалан NBA-гийн драфтын нэгдүгээр тойргийн сонголт хийх эрхээ хасуулсан юм. Тус баг нь хамтран ажилладаг дөрвөн компанидаа багаас захиалга санал болгох замаар тэдэнтэй гэрээ байгуулахад түлхэц өгснөөр К.Леонардад талбайн гаднаас орлого олох боломжийг бүрдүүлж өгсөн байна.
Мөн “Клипперс” багийг К.Леонардыг төлөөлж байсан тухайн үеийн менежер Деннис Робертсоноор дамжуулан түүнд талбайн гадна орлого олох хууль бус санал тавьсныг холбогдох байгууллагад мэдээлээгүй гэж буруутгажээ. Д.Робертсоноор дамжуулан К.Леонард “Клипперс”-т дарамт үзүүлж, талбайн гадна орлого олох эх үүсвэр олоход нь туслахыг шаардсан бөгөөд улмаар ийм боломжийг олж авсан ч хувийн зардалд нь гаргасан төлбөрийг “Клипперс”-т нөхөн төлөөгүй нь цалингийн дээд хязгаарыг тойрч гарахтай холбоотой дүрмийг зөрчсөн гэж үзсэн байна.
Өдгөө 35 настай К.Леонард “Сан-Антонио” багийн бүрэлдэхүүнд 2014 онд, “Торонто”-гийн бүрэлдэхүүнд 2019 онд NBA-гийн аварга болсон бөгөөд хоёуланд нь финалын цувралын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарч байжээ. Тэрбээр 2019 онд “Торонто”-гоос шилжиж ирснээсээ хойш “Клипперс”-ийн төлөө тоглож байна.
