Украин дахь дайн сунжрахын хэрээр эх орноосоо дүрвэх оросуудын цуваа тасрахгүй үргэлжилсээр байна. Одоогийн дүрвэлтийн хэмжээ 2022 оныхыг хараахан гүйцэхгүй ч гэлээ сар сараар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Мөн яг одоо дүрвээгүй ч явах бэлтгэлээ ханган, боломж судалж буй оросууд олон байгааг “Ковчег” байгууллагыг үүсгэн байгуулагч Анастасия Буракова хэлжээ.
Контент бүтээгч 28 настай орос залуу өнгөрсөн зун эх орноо орхин дүрвэжээ. Тэрбээр Гүржийн хилээр гарахаасаа өмнө “Оросыг орхино гэдэг үнэхээр гунигтай. Эндэхийн улс төрийн нөхцөл байдал болон эрх баригчид интернетийн хандалтыг хязгаарлаж эхэлсэн нь миний явах шалтгаан болсон. Үгүй бол би хэдэн сараас илүү хугацаагаар явахгүй л байсан” гэжээ.
Оросуудын эх орноосоо дүрвэхэд нөлөөлж буй хамгийн том шалтгаануудаар Украины дроны халдлага, Кремлийн дайчилгаа, улам улмаар хумигдаж буй эдийн засаг зэргийг нэрлэж байгаа юм.
Дайчилгааны тухай мэдээлэл хэвлэлээр өргөнөөр тарсан ч Кремль удаа дараалан үүнийг няцаасан. Гэвч долдугаар сарын дунд үеэс эхлэн иргэдийн дунд дайчилгааны айдас нөмөрч, сандрал дагуулсан цагаачлалын давалгаа эхэлжээ. Ялангуяа хөрш Гүрж болон Арменид ирж буй оросуудын тоо ердийнхөөс ихэссэн тухай мэдээллүүд гарах болжээ.
Оросын парламентын гишүүн Виктор Соболев “Цуу ярианаас болоод эх орноо орхидог, эх орноо хайрладаггүй хүмүүс Орост хэрэггүй, яваг л дээ” гэжээ.
Арменийн Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Ален Симонян өнгөрсөн сард өгсөн ярилцлагадаа цэрэг татлагаас зайлсхийж манай улсад ирсэн оросуудад ямар нэг байдлаар саад учруулахгүй, шаардлагатай бол тусална гэж мэдэгдсэн байна. Энэ мэдэгдэлд ОХУ-ын Гадаад хэргийн яам хурцаар хариу өгч, Симоняныг өдөөн хатгасан мэдэгдэл хийсэн гэж буруутгажээ.
