ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Лхагва гаригаас эхлэн /2026.05.27/ гурван өдрийн хугацаатайгаар Казахстан улсад айлчилна. Айлчлалын хүрээнд тэрбээр Арменийн Европын холбоонд элсэх хүсэлтийн талаар хэлэлцэх төлөвтэй байна. Москвагийн зүгээс уг хүсэлтийг эрс шүүмжилдэг билээ. Армени улс Азербайжантай мөргөлдөж байх үеэр Москва хамгаалалт өгөөгүй гэж үздэг. Улмаар Ереван олон жилийн турш Брюссельтэй харилцаа холбоо тогтоож, эвсэлд нэгдэх гэж зорьж байв.
Өнгөрсөн жил Ереван Европын холбоонд элсэхийг албан ёсоор мэдэгдсэн хууль баталсан боловч өргөдөл гаргаагүй байна. Мөн Армени улс өөрийн нутаг дэвсгэр дээр Оросын цэргийн баазыг байрлуулсаар байна.
Кремлийн гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Путин удахгүй болох Евразийн эдийн засгийн холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр Ереваны Европын холбоонд элсэх хүсэл эрмэлзлийн талаар ярилцах болно. Энэ холбоо нь Орос улс тэргүүтэй, хуучин Зөвлөлтийн орнуудын эдийн засгийн блок бөгөөд үүнд Армени улс багтдаг.
Ушаков мөн “Путин нэгэн зэрэг хоёр холбоонд харьяалагдах боломжгүй гэж удаа дараа онцолсон. Энэ нь зүгээр л бүтэхгүй” гэж хэлжээ.
Тэрбээр гишүүн улсыг Евразийн эдийн засгийн холбооноос гаргах боломжгүй ч хамтын ажиллагаагаа зогсоож болно гэж онцолжээ. Тиймээс үүний үр дагавар, эрсдэлийг дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх шаардлагатай гэж Ушаков хэлсэн байна. Энэ удаагийн уулзалтад ОХУ-ын удирдагчаас гадна Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко, Киргизийн ерөнхийлөгч Садыр Жапаров, Арменийн дэд сайдын нар оролцоно. Путин мөн Пүрэв гаригт Казахстаны нийслэл Астана хотод болох форум дээр үг хэлж, тус улсын албаныхантай хоёр талын хэлэлцээ хийхээр төлөвлөж байна. Түүнтэй хамт Роскосмос болон Росатом компанийн удирдлагууд оролцоно. Талууд эрчим хүч, эдийн засаг, аялал жуулчлалын чиглэлээр 15 орчим баримт бичигт гарын үсэг зурах төлөвтэй байна.