Арменийн ерөнхий сайд Никол Пашиняны Иргэний гэрээ нам парламентын сонгуульд олонхи болсон. Энэхүү ялалтын хариу үйлдэл болгож ОХУ тус улсаас импортолдог ихэнх хүнс, үр тариа, цэцэг, мод болон бордоондоо хязгаарлалт тогтоохоор болжээ. Арменийн импортын бүтээгдэхүүнээс удаа дараалан хортон шавьж илэрсэн гэсэн тайлбарыг Холбооны хөдөө аж ахуйн аюулгүй байдлын агентлаг болох “Rosselkhoznadzor” өгсөн байна. Тус байгууллагын мэдээлснээр зөвхөн зургадугаар сард л гэхэд хатаасан хүнсний бүтээгдэхүүний ачаанаас хапра цохны халдвар илэрсэн гурван ч тохиолдол бүртгэгджээ. Тээвэрлэгдэж буй барааны аюулгүй байдал болон гарал үүслийг мөрдөн тогтоох боломжийг хангах тодорхой тогтолцоог бий болгох хүртэл энэхүү хориг хүчин төгөлдөр хэвээр байх аж.
ОХУ сүүлийн үед Арменийн бараа бүтээгдэхүүнд идэвхтэйгээр хориг тавих болсон бөгөөд энэ удаад ийнхүү хүнс, үр тариа зэргээр жагсаалт уртсаж байна. Өмнө нь жимс, хүнсний ногоо, цэцэг, эрдэст ус болон согтууруулах ундааны зарим бүтээгдэхүүнд хориг тавьсан байсан.
Энэ удаагийн хоригт багтсан бүтээгдэхүүнүүдийг Оросын нутаг дэвсгэрээр дамжуулан Беларусь, Казахстан, Киргиз рүү тээвэрлэхийг ч мөн хориглох бололтой. Эдгээр улс нь Армени, Оросын нэгэн адил Евразийн эдийн засгийн холбооны гишүүн билээ.
Холбооны хөдөө аж ахуйн аюулгүй байдлын агентлаг “Rosselkhoznadzor” Арменийн эрх баригчдыг экспортын хяналтыг үр ашиггүй хэрэгжүүлж байна гэж буруутгасан. Ингэснээр ОХУ-аар тогтохгүй Евразийн эдийн засгийн холбооны хэмжээнд хөдөө аж ахуй болон байгаль орчны аюулгүй байдалд эрсдэл учруулж байна гэж үзэж байна.
Дашрамд дурдахад, Пашиняны Иргэний гэрээ нам парламентын сонгуульд 49.8 хувийн саналаар ялалт байгуулсан. Сонгуулийн үр дүнг Европын холбоо сайшаан хүлээж авсан бөгөөд Арменид санхүүгийн тусламж үзүүлж, худалдааны зарим хоригийг хөнгөвчлөхөө мэдэгджээ. Харин ОХУ барууны орнуудыг сонгуульд хөндлөнгөөс оролцож, Арменийн сөрөг хүчинд шахалт үзүүлсэн гэж буруутгаж байна. Арменийн сөрөг хүчин нь ерөнхийдөө Оросыг дэмжигч байр суурьтай байдаг.
Уламжлалт холбоотон гэгддэг Орос, Арменийн харилцаа 2023 оноос хойш хурцадмал байдалтай байгаа билээ. Энэ нь Азербайжан улс салан тусгаарласан Нагорно-Карабах бүс нутагт дахин хяналтаа тогтоосонтой холбоотой. Азербайжаны довтолгоог тогтоон барьж чадаагүй гэж ОХУ болон түүний энхийг сахиулагч хүчнийг Армени буруутгасан юм.