ЛОНДОН, 2026 оны есдүгээр сарын 14 /Reuters/. Улаан тэнгис рүү хүрдэг Саудын Арабын газрын тос дамжуулах гол хоолойг ойрын өдрүүдэд ажиллагаанд оруулж чадахгүй бол тус улсын экспортын газрын тосны нөөц дуусаж, дэлхийн нийлүүлэлт 4 хүртэл хувиар буурахад хүрнэ гэж Саудын Арабын газрын тосыг худалдан авагчид, худалдаалагчид мэдэгджээ.
Саудын Арабын газрын тосны нийлүүлэлт цаашид буурвал дэлхийн түлшний үнийг түүхэн дээд түвшинд хүргэж, дэлхий даяар инфляцыг хөөрөгдөж, АНУ-ын бондын өгөөжийг 2008 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн өндөр түвшинд хэдийнээ хүргээд байгаа дэлхийн зах зээл дэх нийлүүлэлтийн хомсдолыг улам гүнзгийрүүлнэ гэж шинжээчид үзэж байна.
Өнгөрсөн баасан гарагт дроны халдлагад өртсөний улмаас Саудын Араб зүүн-баруун чиглэлийн газрын тосны томоохон хоолойгоо хааснаас хойш тус улсын эрх баригчид учирсан хохирлын хэмжээ болон уг хоолойг хэр удаан ажиллагаагүй байх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Хоолойг засварлахад 5-6 долоо хоног шаардлагатай гэж эх сурвалжууд мэдэгдсэн бол өөр нэг эх сурвалжийн хэлснээр засварын ажил үүнээс богино хугацаанд дуусаж, засварыг хийж байх үеэр газрын тосыг хэсэгчлэн дамжуулж эхлэх боломжтой гэж үзэж байгаа ажээ.
Арабын хойгийн цөлөөр дайран өнгөрдөг уг нефтийн хоолой нь сүүлийн зургаан сарын хугацаанд Саудын Арабт Ормузын хоолойг хааснаас үүдсэн хүндрэлээс ихээхэн хэмжээгээр зайлсхийх боломж олгоод байсан юм. Ормузын хоолой хаагдсанаар тус улсын хөрш орнуудын газрын тосны экспорт ихээхэн саатаад байгаа билээ.
Газрын тос экспортлогч дэлхийн хамгийн том улс болох Саудын Араб уг хоолойгоор өдөрт 4 сая орчим торх буюу дэлхийн нийт нийлүүлэлтийн 4 орчим хувийг Улаан тэнгисийн эрэг дэх Янбу боомт руу нийлүүлж байжээ. Гэвч газрын тос дамжуулах уг хоолойг хааснаар Янбу боомтод одоо ердөө 5-7 хоногийн экспортыг хангах нөөц үлдээд байна гэж Саудын Арабын экспортын нөхцөл байдлын талаар мэдээлэл бүхий гурван эх сурвалж мэдээлжээ.
Салбарын шинжээчдийн тооцооллоор Янбу боомтын газрын тос хадгалах хүчин чадал 35 сая орчим торх бол Айн-Сухна болон Сиди-Керир боомтууд тус бүр 18 сая, 20 сая торх газрын тос хадгалах боломжтой байна.
