ВАШИНГТОН, 2026 оны есдүгээр сарын 14 /Reuters/. “Oracle” компанийг хамтран үүсгэн байгуулагч, захирлуудын зөвлөлийн дарга Ларри Эллисон 7.5 тэрбум орчим ам.долларын үнэ бүхий 50 сая хүртэлх ширхэг хувьцаа худалдах төлөвлөгөөгөө цуцалжээ. Хувьцааны үнэлгээг өнгөрсөн баасан гаргийн арилжаа хаагдах үеийн ханшаар тооцсон байна.
“Oracle” компаниас өнгөрсөн баасан гарагт зохицуулах байгууллагад гаргасан мэдүүлэгт дурдсанаар, Л.Эллисон хувьцаагаа худалдах төлөвлөгөөг 2026 оны зургаадугаар сарын 22-нд баталж, 2026 оны аравдугаар сарын 24-нд дуусгахаар төлөвлөж байжээ. “Энэхүү төлөвлөгөөний хүрээнд “Oracle”-ийн нэг ч хувьцааг зараагүй бөгөөд түүнд өөрийн эзэмшлийн хувьцааг зарах өөр төлөвлөгөө байхгүй” гэж тус компани мэдэгдсэн байна.
Хөрөнгө оруулагчид компанийн хөрөнгийн зардал огцом өсөж, мөнгөний чөлөөт урсгалд дарамт учруулж буйд санаа зовниж буйтай холбоотойгоор “Oracle”-ийн хувьцааны ханш энэ онд ихээхэн буурчээ.
“Oracle” компанийн хувьцааны ханш он гарснаас хойш 23 шахам хувиар буурчээ. Л.Эллисон хувьцаа худалдах төлөвлөгөөгөө батлахаас өмнөх сүүлчийн арилжаа буюу зургаадугаар сарын 18-ны хаалтын ханштай харьцуулахад тус компанийн хувьцаа 18 хувиар доогуур түвшинд арилжаалагдаж байна.
“Oracle” компани Л.Эллисон хувьцаа худалдах төлөвлөгөөгөө цуцалсан шалтгааныг тайлбарласангүй.
2014 он хүртэл “Oracle”-ийн захирлаар ажиллаж байсан өдгөө 82 настай Л.Эллисон тус компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч бөгөөд нийт хувьцааны 38 гаруй хувийг эзэмшдэг байна.
