Майн дахь Франкфурт, 2026 оны есдүгээр сарын 11/Kazinform/. Инфляцийн хурдыг сааруулахын тулд Европын Төв банк /ЕТБ/ он гарснаас хойш бодлогын хүүгээ хоёр дахь удаагаа өсгөжээ. Энэ тухай DW мэдээлснийг эш татан Kazinform агентлаг дамжууллаа.
ЕТБ-ны ТУЗ-ийн пүрэв гарагт болсон хуралдаанаар гол гурван хүүг 25 суурь пунктээр өсгөсөн байна. Тодруулбал, хадгаламжийн хүүг 2.5 хувь хүртэл, дахин санхүүжүүлэх үндсэн ажиллагааны хүүг 2.65 хувь хүртэл, маржинал зээлийн хүүг 2.9 хувь хүртэл тус тус нэмэгдүүлжээ. Энэхүү шийдвэр нь шинжээчдийн таамаглаж байсантай тохирсон байна.
“Ойрх Дорнодод дэгдсэн хямрал нь инфляцийн дарамт үүсгэсэн хэвээр байгаа бөгөөд инфляцийн түвшин урт хугацааны туршид зорилтот түвшнээс ихээхэн өндөр байх магадлалтай байна” гэж Төв банкны мэдэгдэлд дурджээ. Үүний зэрэгцээ өөрийн мэдэлд буй бүхий л арга хэрэгслийг ашиглан дунд хугацаанд инфляцийг 2 хувийн зорилтот түвшинд тогтворжуулахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.
Тус банкны захирал Кристин Лагард хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэхдээ, бодлогын хүүг өсгөх шийдвэрийг банкны удирдлага санал нэгтэйгээр гаргасан, гэхдээ цаашид хийх алхмыг хэлэлцээгүй бөгөөд статистикийн мэдээлэлд үндэслэн шийдвэрээ гаргана гэлээ.
Сануулан дурдахад, зургаадугаар сард болсон хуралдаанаар 2023 оны 9 дүгээр сараас хойш анх удаа бодлогын хүүг өсгөсөн билээ.
Энэ удаагийн хуралдаанаар 2026-2028 оны таамаглалыг хэсэгчлэн дахин хянан үзжээ. Тухайлбал, 2026 онд еврогийн бүсэд ерөнхий инфляц дунджаар 3 хувь, 2027 онд 2.5 хувь, 2028 онд 2.1 хувь байна гэсэн үнэлгээг хийжээ.
Мөн эдийн засгийн өсөлт 2026 онд 0.9 хувь, 2027 онд 1.4 хувь, 2028 онд 1.5 хувь байна гэж таамагласан байна.
