Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг энэ оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан талаар БОУАӨЯ мэдээлэл хийв.
Манай улс 2022 оноос хурлын зохион байгуулалтын бэлтгэлээ хангаж, 23 хүний бүрэлдэхүүнтэй хэлэлцээний баг бэлтгэж, хурлаар хэлэлцсэн 34 шийдвэрийн үйл явцад идэвхтэй оролцсоныг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир мэдээллээ. Тэрбээр “Улаанбаатарын тунхаглал”, Монгол Улсын дэвшүүлсэн “Тал хээрийн төлөвлөгөө” олон улсын дэмжлэг авч, бэлчээр, ус, газар, малчдын амьжиргаа, уур амьсгалын асуудлыг уялдуулсан шинэ бодлогын чиглэлийг бий болголоо. Энэ хүрээнд “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус ба газрын нэгдсэн менежмент”, “Байгальд суурилсан дэд бүтцийн санаачилга”-ыг эхлүүлсэн нь цөлжилтийг сааруулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг оруулж буй бодит алхам болсныг онцлов.
БОУАӨЯ-наас СОР17-той холбоотой санхүүжилт, төсөвтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудастаа байршуулсан байна.
Сайд Ц.Сандаг-Очир ярихдаа, “Дэлхийн хэмжээнд газрын доройтол, цөлжилттэй тэмцэх чиглэлээр 18 тэрбум ам.долларын санхүүжилтийн амлалт зарлагдсан. Үүний дотор Монгол Улсаас дэвшүүлсэн “Тал хээрийн төлөвлөгөө”-ний “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”-ын хүрээнд улс орнуудын бэлчээр, экосистемийн 45 төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах боломж бүрдсэн нь бэлчээрийн асуудлыг дэлхийн анхаарлын төвд оруулж чадсны илрэл гэж НҮБ-аас тодотгосон. Монголд шууд хамаарах гэрээ, санамж бичиг, санхүүжилтийн амлалтыг нэгтгэвэл 1.46 тэрбум ам.доллар буюу таван их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын боломж бий болсон. Энэ нь өнөөдөр эсвэл маргааш төсөвт шууд орж ирсэн санхүүжилт биш. Харин богино, урт хугацаандаа эдгээр амлалт, гэрээ, хэлэлцээрийг хөрөнгө оруулалт болгон хэрэгжүүлэх санхүүжилтийн боломж гэдгийг онцлов.
Монгол Улс COP18 хүртэл буюу 2028 он хүртэл СОР17-гийн даргалагч орны үүргээ үргэлжлүүлж, тус хурлаас бий болсон боломжуудыг бодит төсөл, бодит хөрөнгө оруулалт болгоход анхаарна гэдгийг сайд тэрбээр тэмдэглээд, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан бүтээн байгуулалтын талаар ярихдаа, “Цэцэрлэгт хүрээлэн дэх 12.3 га ногоон байгууламж, 640 автомашины зогсоол, инженерийн дэд бүтэц зэрэг нь НЗДТГ-ын өмчлөлд үлдэнэ. Эдгээрийг цаашид хүүхэд, залуус, гэр бүлүүдийн амралт, спорт, чөлөөт цагийн зориулалттай нээлттэй орчин болгон хөгжүүлэхийг НЗДТГ хариуцах болно” гэв.
Монгол Улсын санаачилгаар НҮБ-аас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан нь манай улсын санаачилга бодитоор хэрэгжихэд түлхэц болсон юм.
COP17-д дэлхийн 196 улс, олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл оролцож, 20 мянга гаруй зочин, төлөөлөгч оролцохоор хүрэлцэн ирсэн юм.
Цэнхэр, Ногоон бүсэд 756 үйл ажиллагаа, хэлэлцүүлэг өрнүүлж, төрийн байгууллага, нийслэл, хувийн хэвшил, сайн дурынхан, оюутан залуусын 3000 гаруй хүн ажиллалаа. Хэвлэл мэдээллийн байгууллагын 789 төлөөлөгч мэдээ, мэдээлэл бэлтгэжээ. Аюулгүй байдал, эрүүл мэндийн чиглэлд 1000 гаруй алба хаагч ажиллаж, эрүүл мэндийн байгууллагууд 773 хүнд тусламж үйлчилгээ үзүүлжээ. Хурал зохион байгуулахтай холбоотой тоног төхөөрөмж, барилга байгууламжийн зардалд 2026, 2027 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 217.1 тэрбум төгрөг тусгаснаас 156.3 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, 60.8 тэрбум төгрөгийн төсвийг хэмнэжээ. Мөн хувийн хэвшил, олон улсын түншүүдээс 7.4 тэрбум төгрөгийн хандив, дэмжлэг төвлөрсөн нь улсын төсвийн ачааллыг багасгахад хувь нэмэр болсныг танилцуулсан юм.
