Гадаадад гэмт хэрэг үйлдсэн, олон улсад эрэн сурвалжлагдаж буй 100 гаруй гадаадын иргэн БНСУ-д орогнож байна гэж тус улсын Үндэсний цагдаагийн газар Мягмар гаригт (2026.09.08) мэдээлжээ. Парламентын эрх баригч Ардчилсан намын гишүүн Ким Жүн Хваны мэдээллээр наймдугаар сарын 12-ны байдлаар нийт 110 гадаадын оргодол тус улсад оршин сууж байсан байна.

Иргэншлээр нь авч үзвэл, Интерполын эрэн сурвалжлах мэдээлэлд бүртгэгдсэн 40 Хятадын иргэн байгаа нь нийт оргодлын 36 хувийг эзэлж байна. Үүний дараа Узбекистаны 19, Монголын 17 иргэн оржээ.

Гэмт хэргийн төрлөөр нь авч үзвэл залилангийн хэрэг хамгийн өндөр буюу 47 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний дараа хүн хулгайлах, хууль бусаар хорих, бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах зэрэг бусад төрлийн 29 хэргээр эрэн сурвалжлагдаж байгаа аж. Үлдсэн хэрэг нь хар тамхи, хулгай, замын хөдөлгөөний дүрэм зөрчих болон бусдад халдсан хэрэг юм.

Олон улсад эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтнүүдийг баривчилж, эх оронд нь буцаах ажлыг эрчимжүүлэхийн тулд БНСУ-ын Үндэсний цагдаагийн газар энэ онд холбогдох алба хаагчдынхаа тоог 22-оос 64 болгон нэмэгдүүлжээ. Үүний үр дүнд энэ оны нэгдүгээр сараас наймдугаар сарын хооронд гадаадын орнуудаас 24 оргодлыг БНСУ-д шилжүүлэн авчирсан байна. Энэ нь өнгөрсөн онд бүртгэгдсэн 13 тохиолдлоос бараг хоёр дахин өссөн үзүүлэлт аж.

Түүнчлэн олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр гадаадад оргон зайлсан БНСУ-ын иргэдийг баривчлан, эх оронд нь буцаах тохиолдол мөн нэмэгдсэн байна. Тухайлбал, БНХАУ-ын эрх баригчид өнгөрсөн онд гадаадад оргон зайлсан 192 солонгос иргэнийг тус улсад шилжүүлэн өгчээ.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн