ОХУ гадаадад байгаа шүүмжлэгчдийг онилохын тулд Интерпол буюу олон улсын цагдаагийн байгууллагын системийг ашигласаар иржээ. Энэхүү мэдээллийг Интерполын дотоод эх сурвалж олон мянган баримтаар баталгаажуулж өгсөн байна. Мөн Интерполын дэргэдэх хараат бус гомдол хүлээн авах нэгжид сүүлийн 10 жилийн хугацаанд ирсэн гомдлын тоогоор ОХУ тэргүүлж байгаа аж.
ОХУ Интерполын эрэн сурвалжлах жагсаалтыг ашиглан улстөрчид, бизнес эрхлэгчид, сэтгүүлчдийг гэмт хэрэг үйлдсэн хэмээн мэдэгдэж, баривчлах хүсэлт гаргадаг. Энэхүү баривчлах хүсэлт нь хувь хүнд ихээхэн сөргөөр нөлөөлдөг, амьдрал нь орвонгоороо өөрчлөгддөг гэдгийг Оросын бизнес эрхлэгч Игорь Пестриков хэлжээ.
Орос, Украины дайн эхэлсний дараа Интерполоос Москвагийн үйл ажиллагаанд нэмэлт шалгалт нэвтрүүлсэн. Интерполыг ашиглаж эрх мэдлээс давсан хүрээнд хувь хүмүүсийг онилж магадгүй гэх болгоомжлолын үүднээс уг шалгалтыг хийсэн аж. Гэвч бодит байдал дээр энэ арга хэмжээ Оросыг зогсоож чадаагүй.
Интерпол нь дэлхийн цагдаагийн байгууллага биш, харин дэлхийн улс орнуудын цагдаагийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмждэг байгууллага.
Интерполын “Red notice” гэдэг нь Интерполын 196 гишүүн оронд илгээгддэг, тухайн хүнийг олж тогтоон, баривчлах хүсэлтийг илэрхийлсэн зар. Харин “Red diffusion” гэдэг нь бүх гишүүн оронд бус тодорхой улсууд руу л илгээдэг зар юм.
Игорь Пестриков Украин дахь дайн эхэлснээс дөрвөн сарын дараа Оросоос зугтаж, Францаас орогнол хүсчээ. Гэвч түүний нэр Интерполын “Red diffusion” жагсаалтад багтсаныг төд удалгүй олж мэдсэн байна. Энэ тохиолдолд нэг бол цагдаад очиж, өөрийгөө тушаах, эс бол нуугдаж амьдрах гэсэн сонголт бий.
Пестриков 1990-ээд онд хувьчлагдсан Оросын томоохон металлургийн компаниудын, тэр дундаа Соликамскийн магнийн үйлдвэрийн томоохон хувьцаа эзэмшигч байжээ. Дайн эхлэхээс хэдэн сарын өмнөөс эрх баригчид түүнийг бүтээгдэхүүнээ зөвхөн дотоодын зах зээлд нийлүүл гэж шахаж эхэлсэн гэв. Ингэснээрээ тус бүтээгдэхүүнийг сөнөөгч онгоц, танк зэргийн үйлдвэрлэлд ашиглах боломжтой аж. Хямд үнэ гэдэгтээ асуудал байгаагүй. Хүмүүсийг хөнөөхөд ашиглах зүйл үйлдвэрлэж байна гэдэг нь өөрөө ёс суртахуунгүй явдал учир Пестриков хүлээн зөвшөөрөөгүй.
Улмаар Пестриков Интерполын хараат бус хяналтын байгууллагад гомдол гаргаж, Оросын хүсэлт нь улс төрийн шалтгаантай гэдгийг нотлохыг оролджээ. Түүнийг ОХУ бараг хоёр жил эрэн сурвалжилсны эцэст Интерполын хараат бус хяналтын байгууллага гомдлыг нь эцэслэн дүгнэж чадсан байна.
Интерполын жагсаалтыг улс төрийн, цэргийн, шашны, эсвэл арьс өнгөөр ялгаварласан шинжтэй үйл ажиллагаанд ашиглаж болохгүй гэж тус байгууллагын дүрэмд заасан байдаг.
Дүрэмд харшилсан хууль бус хүсэлтүүдийн талаар Интерпол 2018 оноос л мэдээлдэг болсон. Гэхдээ маш ерөнхий мэдээлэл л нийтэлдэг учир асуудлын цар хүрээг үнэлэхэд хүндрэлтэй байдаг.
Энэ удаад шүгэл үлээгчийн задруулсан баримт анх удаа бүрэн дүр зургийг харуулжээ. Өгөгдөл бүрэн биш ч гэлээ Оросын эсрэг гомдол хамгийн олон байсан аж. Баримт харахад сүүлийн 10 жил Оросын эрэн сурвалжилсан 700 орчим хүн гомдол гаргаж, 400 орчим нь өөрийгөө жагсаалтаас хасуулж чаджээ.
ОХУ зөвхөн өнөөгийн нөхцөлд бус өмнө нь ч бас Интерполыг буруугаар ашигласаар ирсэн гэдгээрээ алдартайг Их Британийн өмгөөлөгч Бен Кит хэлсэн байна. Түүнчлэн Украин дахь дайны дараа явуулсан нэмэлт шалгалт үр дүнгүй болсныг Интерпол, шилжүүлэн өгөх хэргээр мэргэшсэн олон улсын хуульч Юрий Немец хэлжээ.
Албан ёсны зараас гадна Интерполын мессежийн системээр дамжуулан улс орнууд хооронд илгээсэн мянга мянган зурвас мөн байгааг шүгэл үлээгч гаргаж ирсэн. Энэ нь хилийн чанад дахь шүүмжлэгчдийг онилох илүү албан бус аргыг илтгэж буй.
Интерполын өндөр албан тушаалтан Оросын төлөөлөгчдөд хандан системийг буруугаар ашиглаж байгаад санаа зовж буйгаа илэрхийлсэн аж. Байгууллага дотор ийм зовнил байсан ч гэлээ үүнтэй зэрэгцээд Оросын эсрэг тавьсан нэмэлт хязгаарлалтыг цуцлах талаар яригдаж байсныг шүгэл үлээгч тодорхой болгожээ. Эцэстээ энэ асуудал Оросын талд шийдэгдэж, 2025 онд Интерпол зарим нэмэлт арга хэмжээгээ чимээгүйхэн цуцалсан байна.
Хуульчдын үзэж буйгаар Интерпол системийн зүй бус ашиглалтаас сэргийлэхийн тулд илүү хатуу арга хэмжээ авах ёстой. Хэрвээ улс орнууд системийг буруугаар ашиглаж байвал тодорхой хугацаанд Интерполын системээс хасах ёстой гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна.