Хятад улс хүн дүрст роботуудыг тулаанд ашиглахаар бэлтгэж байна

БЭЭЖИН, 2026 оны есдүгээр сарын 8 /Reuters/. Өнгөрсөн сард Хятадад болсон Дэлхийн хүн дүрст роботын спортын наадмын үеэр роботууд үсэрч, боксдож, бүжиглэж байлаа. Зарим робот 100 метрийн зайд Усэйн Болтоос ч хурдан гүйжээ. Үзэгчид роботуудын чадвар улам сайжирч буйг сайшааж, мемийн сэдэв болсон алдаануудыг нь хөгжилдөн хүлээн авч байв.

Наадам дууссанаас хоёр хоногийн дараа Хятадын Ардын чөлөөлөх армийн албан ёсны сонин уг үзүүлбэрээс өөрсдийн дүгнэлтийг хийжээ. Ардын чөлөөлөх армийн “PLA Daily” сонинд судлаачдыг хамгийн сүүлийн үеийн технологийг лабораториос цэргийн сургуулилалтын талбайд шилжүүлэх ажлыг хурдасгаж, робот “байлдагч”-дыг хөгжүүлэхийг уриалсан байна.

Хятадын батлан хамгаалах салбарын байгууллагууд хүн дүрст роботыг цэргийн зориулалтаар ашиглах судалгааг эрчимжүүлж, улмаар дайны үед ашиглахаар төлөвлөж байгаа талаар “Reuters” агентлаг Хятадын цэргийн байгууллагуудын худалдан авах ажиллагааны 100 гаруй зар, судалгаа, патент, албан ёсны хэвлэл, төрийн бүртгэл болон батлан хамгаалахын компаниудын материалд хийсэн судалгаанд дурджээ. 

Цэргийн байгууллагууд хүн дүрст роботуудыг байлдааны талбарын шаардлагад нийцүүлэн туршиж, роботуудыг болон тэднийг сургах технологийг худалдан авахыг зорьж байгаагаас гадна, цэргүүдтэй хэрхэн хамтран ажиллахыг судалж байгаа ажээ. Энэ чиглэлийн ажил 2025, 2026 онд эрчимжиж, роботын орчныг танин мэдэх, эд зүйлсийг удирдах, сургалтын өгөгдөл боловсруулах зэрэгт голлон төвлөрчээ.

“BofA Global Research”-ийн мэдээлснээр, 2025 онд дэлхий даяар нийлүүлсэн хүн дүрст роботуудын 95 орчим хувийг Хятадын үйлдвэрлэгчид нийлүүлсэн байна. Ийнхүү арилжааны зах зээлд давамгайлж буй нь Ардын чөлөөлөх армид өсөн тэлж буй энэ салбарын боломжийг ашиглахын зэрэгцээ роботыг цэргийн зориулалтаар хөгжүүлэх боломж олгож байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн