Нөхөн сэргээх хамтарсан төлөвлөгөөг баталлаа

Монгол Улсын Шадар сайд, БОУАӨ-ийн сайд, АҮЭБ-ийн сайд, ХЗДХ-ийн сайдын хамтарсан тушаалаар “Нөхөн сэргээлт” нэгдсэн төлөвлөгөөг баталлаа.

Энэ нь уул уурхай, хууль бус олборлолт, бүтээн байгуулалтын улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх, эзэн холбогдогчийг тогтоох, нөхөн сэргээх үүргийг хариуцагчаар нь гүйцэтгүүлэх, хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учирч болзошгүй эрсдэлийг багасгахад чиглэж байгаа юм. Төлөвлөгөөний дагуу эвдэрсэн газрын мэдээллийг шинэчилж, улсын нэгдсэн мэдээллийн сантай уялдуулах, нөхөн сэргээгээгүй талбайн эзэн, холбогдогчийг тогтоох, тусгай зөвшөөрөл эзэмшигчдээр нөхөн сэргээлт хийлгэж хянах, авто болон төмөр зам, барилга байгууламж, инженерийн дэд бүтцийн ажилд ашигласан түгээмэл тархацтай ашигт малтмалын карьерыг нөхөн сэргээж, хүлээн авах, бичил уурхай, гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан болон ойн сан бүхий газарт эвдэрсэн талбайн нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, хууль бус олборлолтоос сэргийлэх, нөхөн сэргээлтийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмж, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг 2026–2030 онд хийхээр төлөвлөжээ.

Хамтарсан тушаалаар аймаг, нийслэлийн Засаг дарга нарт нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, осол, аюул, эрсдэлээс сэргийлэх чиг үүрэг бүхий салбар дундын ажлын хэсэг байгуулж, орон нутгийн онцлогт нийцсэн төлөвлөгөө гаргах, ажлын явц, үр дүнг жил бүр тайлагнах үүрэг өгчээ.

БОУАӨЯ-наас техникийн болон биологийн нөхөн сэргээлт, эвдэрсэн газрыг тэгшлэх, аюулгүй болгох зэрэг нэр, гэрээ, төсөл, төлөвлөгөөгөөр халхавчлан зохих тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлох, тээвэрлэх, худалдах, ашиг олох үйл ажиллагаа явуулахыг хатуу хориглож буйг анхаарууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн