Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Өчигдөр УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Монгол Улсын 2026 оны төсөвт оруулах өөрчлөлтийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулав. Төсвийн тодотголд тусгасан өөрчлөлтүүд нь үндэсний аюулгүй байдал болон улсын хөгжлийн урт, дунд хугацааны бодлогын зорилтуудтай нийцэж байгаа боловч нийгэм, эдийн засгийн богино хугацааны эрсдэлийг бууруулах хүрээнд урсгал зардлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын санхүүжилтийг бууруулсан нь урт, дунд хугацаанд төсвийн болон үнийн тогтвортой байдлыг хадгалахад эрсдэл үүсгэж болзошгүйг аудитын дүгнэлтэд онцолжээ. Төсвийн тодотголын төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31 их наяд 930 тэрбум төгрөг, нийт зарлагын дээд хэмжээг 33 их наяд 978 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2 их наяд 48 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тооцсон байна.
Аудитаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагуудын зарим шалгуурыг хангасан боловч суурь тэнцэл нь ДНБ-ий хоёр буюу түүнээс дээш хувийн ашигтай байх шаардлагыг хангаагүй тул төсвийн тусгай шаардлагуудыг нэгэн зэрэг хангаагүй гэж дүгнэсэн байна.
Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулгадаа “Төсвийн тодотголын төсөлд ахмад настны орлогыг дэмжих, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн зөрүүг арилгах, хүнс болон эрчим хүчний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн ажлыг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг нэмэгдүүлэхгүйгээр нийт зарлагыг 998 тэрбум төгрөгөөр өсгөсөн байна. Энэ нь төсвийн алдагдлыг 2 их наяд 48 тэрбум төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьд хүргэхээр байгаа юм. Харин төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд бүрдээгүй тохиолдолд энэ нь төсвийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүй” хэмээн онцлов.
Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, суурь тэтгэврийг нэмэгдүүлэх нь өрхийн орлого болон эдийн засгийн дотоод эрэлтийг нэмэгдүүлэх эерэг нөлөөтэй боловч инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж дүгнэжээ.