ВАШИНГТОН, 2026 оны есдүгээр сарын 7 /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Нью-Мексико муж улсын нэрийг “Нью-Америка” болгон өөрчлөх саналыг дэмжжээ.
“Сонгуулийн дүнг хуурамчаар үйлддэгээрээ хамгийн алдартай муж улсуудын нэг болох Нью-Мексиког Нью-Америка гэж нэрлэх санал олон хүнээс ирсэн. Энэ нэр асар их боломж бүхий тус муж улсын оршин суугчдын хувьд хамаагүй нэр хүндтэй, сайхан сонсогдоно. Надад маш их таалагдаж байна!” гэж тэрбээр “Truth Social”нийгмийн сүлжээндээ бичээд, хиймэл оюунаар бүтээсэн дүрс бичлэг хавсаргажээ. Уг бичлэгт Д.Трамп “Village People” хамтлагийн “YMCA” гэдэг хит дуун дээр Нью-Мексикогийн замын тэмдэг дээрх нэрийг сольж, бүжиглэж буйгаар гарна.
АНУ-ын Үндсэн хуулийн дагуу холбооны засгийн газар муж улсын нэрийг өөрчлөх эрхгүй бөгөөд энэ нь тухайн муж улсын эрх баригчид болон оршин суугчдын бүрэн эрхэд хамаардаг байна. Нэрийг өөрчлөхийн тулд эхлээд хууль тогтоох байгууллага, дараа нь ард түмэн бүх нийтийн санал асуулгаар баталсны дараа муж улсын хуульд холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулах ёстой. Хэрэв санал батлагдсан тохиолдолд муж улсын эрх баригчид өөрчлөлтийн талаар Конгресс болон АНУ-ын засгийн газарт мэдэгдэнэ. Нью-Мексикогийн хэвлэлүүдэд мэдээлснээр, муж улсын оршин суугчид нэрийг өөрчлөх саналыг дэмжихгүй байгаа аж.
Өмнө нь Д.Трамп зарлиг гаргаж, Мексикийн буланг “Америкийн булан”, Онтарио нуурын нэрийг “Америкийн нуур” болгон өөрчилсөн юм.
Эдгээр захирамж нь холбооны засгийн газрын хэмжээнд болон газрын зураг дээр тус газруудыг тэмдэглэх журмыг өөрчилж байгаа боловч Д.Трампын дараагийн Ерөнхийлөгч нар цуцлах тухай зарлиг гаргах боломжтой аж.