Индонезын нийслэл галт уулын үнсэнд бүрхэгджээ

ЖАКАРТА, 2026 оны есдүгээр сарын 6 /RIA Novosti/. Индонезын нийслэл Жакарта хот Анак-Кракатау галт уулын үнсэнд бүрхэгджээ. Хотын оршин суугчид агаарт үнсний тоосонцор тархсан дүрс бичлэгүүдийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна.

Индонезын Геологийн агентлагийн мэдээлснээр, Анак-Кракатау галт уулын дэлбэрэлт есдүгээр сарын 4-ний орой эхэлжээ. Галт уулнаас халуун хайлмаг цацагдаж, Бантен, Лампунг болон Баруун Ява мужийн зарим хэсэгт нүргэлэх чимээ, газар доорх чичирхийлэл мэдрэгдсэн байна. Эрх баригчид аюулын дөрвөн түвшний гурав дахь түвшний түгшүүрийг зарлаж, галт уулын тогоонд гурван км-ээс дотогш ойртохыг хоригложээ.

Нийгмийн сүлжээнүүдэд тависан дүрс бичлэгүүдэд агаарт хөвөх жижиг тоосонцрууд гудамжны гэрэлд тод харагдана. Бичлэг оруулсан хүмүүсийн мэдээлж байгаагаар, дүрс бичлэгүүдийг ням гаргийн өглөө Жакарта хотын өөр өөр дүүрэгт авчээ.

“Анак-Кракатаугийн галт уулын үнс өнөө өглөө Жакартад хүрээд байна. Өөрсдийгөө хамгаалаарай” гэж JKT.Spot хэмээх олон дагагчтай хуудсанд бичээд дагагчдаасаа өөрсдийн оршин суугаа дүүрэгт нөхцөл байдал ямар байгааг хуваалцахыг хүссэн байна.

Нийслэлийн оршин суугчид сэтгэгдэл хэсэгт үнсний тоосонцор амьсгалын замд орохоос эмээж байгаагаа илэрхийлжээ. Хотын оршин суугчид аль болох гадагш гарахгүй байх, зайлшгүй тохиолдолд амны хаалт хэрэглэхийг нийгмийн сүлжээгээр уриалцгааж байна.

Галт уулын дэлбэрэлт агаарын тээврийн үйл ажиллагаанд мөн ноцтой саатал учруулжээ. Индонезын нисэх онгоцны хамгийн том буудал болох Жакарта хот дахь Сукарно-Хатта олон улсын нисэх буудал галт уулын үнс илэрсний дараа үйл ажиллагаагаа түр зогсоосон байна. Үүний улмаас 30 гаруй нислэг хойшлогджээ. Нисэх буудлыг ням гаргийн 01:30 цагаас 05:30 цаг хүртэл хаасан боловч дараа нь хязгаарлалтыг 09:30 цаг хүртэл сунгасан байна.

Мөн олон нийтийн сүлжээнд нийтэлсэн хиймэл дагуулын зургуудад галт уулнаас Ява арлын баруун хэсэг рүү сунан тогтсон асар асар том үнсэн багана харагдана. Зургийн тайлбарт дурдсанаар, уг үүл нь галт уулын үнс, усны уур болон хүхрийн давхар ислээс бүрдсэн байна.

Анак-Кракатау галт уул нь Ява болон Суматра арлын хоорондох Сундагийн хоолойд оршдог. Уг галт уул нь 1883 онд хүчтэй дэлбэрч, асар том цунами үүсгэн сүйрэл дагуулсан Кракатау галт уулын суурин дээр бүрэлдэн бий болжээ. 2018 оны 12 дугаар сард Анак-Кракатаугийн нэг хэсэг нурсны улмаас цунами үүсэж, олон зуун хүн амиа алдсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн