Хималайн нурууны хөндийг их хэмжээний ус, чулуу, шавар урсан сүйтгэснээс хойш 10 хоногийн дараа буюу бямбаг гарагт Хятад улсын иргэнийг усан цахилгаан станцын /УЦС/ хонгилоос аварсан тухай Балбын эрх баригчид мэдээлжээ. Уг гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1 300-гаас давсан байна.
Балбын армийн мэдээлснээр, “Дээд Тришули-1” усан цахилгаан станцын 225 метр урттай хонгил дотроос Лу Хайтао гэгч иргэнийг аварчээ. Тэрбээр наймдугаар сарын 26-нд голын эх хэсэгт мөсөн гол нурсан гамшгийн дараа хонгилуудад гацсан байж болзошгүй гэж үзэж буй 900 орчим хүнээс одоогоор эсэн мэнд гаргасан гурав дахь хүн болж байна.
Баасан гарагт аврах багийнхан мөн “Дээд Тришули-3А” УЦС-ын хонгилоос хоёр хүнийг эсэн мэнд гаргажээ.
Албаныхны мэдээлснээр, Лу Хайтаод ил харагдах гэмтэл байгаагүй бөгөөд амин үзүүлэлтүүд нь тогтвортой байсан хэдий ч бага зэрэг осгосон шинжтэй байжээ. Түүнийг нисдэг тэргээр армийн эмнэлэгт хүргэсэн байна.
Гамшигтай тэмцэх байгууллагаас баасан гарагт мэдээлснээр, Хятадын Төвөдтэй хил залгаа орших Балбын хот, тосгодод байшин барилга, зам, сургуулиудыг урсган авч одсон үерийн улмаас тус улсад 1 344 хүн амиа алдаж, 4 887 хүн сураггүй болоод байна. Сураггүй болсон хүмүүсийн 583 нь гадаадын иргэн бөгөөд тэдний олонх нь мөргөлчид, уулын аялагчид ажээ.
Хятадын төрийн мэдлийн “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, баасан гаргийн байдлаар Төвөдийн өөртөө засах оронд гамшгийн улмаас 31 хүн амиа алдаж, 531 хүн сураггүй болжээ. Сураггүй болсон хүмүүсийн 261 гадаадын иргэн байна.
Мөн Балбын армийн мэдээлснээр, бямба гарагт аврагчид Бетравати хотод нэгэн эмэгтэйг гэрээс нь аварчээ. Эрх баригчдын нийтэлсэн гэрэл зурагт уг эмэгтэй подвалд шаварт дарагдсан байдалтай, аврагчид өтгөн лаг шавар дүүрсэн давчуу орчинд ажиллан түүнд ус уулгаж байгаа нь харагдана.