Пёньян холбоотнуудын сургуулилалтаас урьтаж байлдааны хөлгөө байршуулав

Хойд Солонгос улс “Kang Kon” байлдааны хөлгөө есдүгээр сарын 6-ны өдөр Канвон муж дахь Вонсан боомтод ёслол төгөлдөр байршууллаа. Байлдааны хөлгийг байршуулах ёслолын арга хэмжээнд удирдагч Ким Жон Ун оролцсон бөгөөд тэрбээр гадны байнгын аюул заналхийллийг энэ үеэр онцолжээ.

Тэрбээр “Энэхүү байлдааны хөлөг нь өөрийн ашиг сонирхлоо хамгаалах Хойд Солонгос улсын хүсэл зориг, үзэл баримтлалыг илэрхийлнэ. Бидний далай тэнгис болон усан доор бүрэн эрхээ хэрэгжүүлэх цаг ирлээ. Аюулын сүүдрийг арилгах ёстой. Хойд Солонгос улс Солонгосын хойгийн зүүн хэсэг болон ойролцоох усанд байнгын аюул заналхийлэл дор байна” гэжээ.

“Kang Kon” байлдааны хөлгийг Солонгосын дайны үеэр амь үрэгдсэн цэргийн удирдагчийн нэрээр нэрлэсэн. Тус хөлөгт чухам ямар зэвсгийн системүүдийг суурилуулсан нь тодорхойгүй. Хэвлэлд мэдээлж буйгаар, тус хөлөгт өнгөрсөн оны зургадугаар сард ашиглалтад орсон “Choe Hyon” хөлөгтэй ижил системүүд суурилуулсан гэдэг. “Choe Hyon” ангиллын сөнөөгч онгоцнууд нь өргөн хүрээний зэвсэг тээх чадвартай.

АНУ, Өмнөд Солонгос, Японы хамтарсан таван өдрийн цэргийн сургуулилалт Чежү арлын зүүн болон өмнөд хэсгийн усанд эхэлж буй. Тус сургуулилалтаас урьтан Хойд Солонгос улс “Kang Kon” байлдааны хөлгөө байршуулсан нь энэ юм. Өмнөдийн армийн мэдээлж буйгаар, “Freedom Edge” холбоотнуудын хамтарсан сургуулилалт нь Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн заналхийллээс урьдчилан сэргийлэх, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах зорилготой. Гэвч Хойд Солонгос улс энэ сургуулилалтыг “хүч чадлаа гайхуулсан болчимгүй үйлдэл” гэж шүүмжилсэн билээ.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн