ОХУ-ын Хабаровск хотод Дэлхийн II дайны үед ЗХУ Японыг ялсныг тэмдэглэсэн 15 метр өндөр хөшөө босгосон нь Япон, Оросын хооронд маргаан үүсгээд байна.
ОХУ-ын Цэргийн түүхийн нийгэмлэгийн мэдээлснээр, хөшөөг өнгөрсөн Баасан гаригт (2026.09.04) ЗХУ Японыг ялсныг тэмдэглэх ёслолын үеэр нээжээ. Нээлтийн арга хэмжээнд Хятад болон Хойд Солонгосын төлөөлөгчид мөн оролцсон байна.
Хөшөөн дээр Японы эзэн хааны гэр бүлийн бэлгэ тэмдэг болох хризантем буюу удвал цэцгийн дүрс сийлсэн чулуун хавтанг Зөвлөлтийн цэрэг буугаараа устгаж буйг дүрсэлжээ.
ОХУ-ын тал уг хризантемийн дүрсийг Японы милитаризм буюу цэрэгжсэн үзлийн бэлгэдэл гэж үзэж байгаа юм.
Харин Японы Элчин сайдын яам уг дүрслэлийг эрс эсэргүүцжээ. Японы талын тайлбарласнаар, хризантемийн дүрс нь өнөөдөр Японы эзэн хааны гэр бүлийн албан ёсны бэлгэ тэмдэг гэж өргөнөөр хүлээн зөвшөөрөгддөг. Тиймээс уг бэлгэ тэмдгийг устгаж буйгаар дүрсэлсэн хөшөө босгосон нь Японы ард иргэдийн үзэл бодол, сэтгэл санаатай нийцэхгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй үйлдэл гэж мэдэгдсэн байна.
Япон улс хөшөөг буулгахыг ОХУ-аас шаардсан боловч одоогоор Москва энэ хүсэлтэд хариу өгөөгүй байна.
Японы Элчин сайдын яам үүнийг “туйлын харамсалтай хэрэг” гэж үзэж байгаа бөгөөд хөшөөг буулгах шаардлагаа ОХУ-д үргэлжлүүлэн тавина гэж мэдэгджээ.